Бидний тухай
Багш ажилтан
Шинэ зууны хүүхэд багачууд маань шинжлэх ухаан, технологийн эрчимтэй хөгжлийн нөлөөгөөр өрсөлдөөнтэй, цаашдын хөгжил нь тааварлашгүй, боломж, эрсдэлийн аль алиныг дагуулсан хурдацтайөөрчлөлт бүхий нийгэмд өсөн бойжиж, сурч, ажиллаж амьдрах нь тодорхой болж, тэднийг ирээдүйн нийгмийн сайн сайхан, үр бүтээлтэй ажил, амьдралд бэлтгэхэд урьд өмнөхөөс илүү хүлээлт үүсэж байна. Боловсролын энэхүү шинэ эрэлт хэрэгцээ нь хүүхэд, залуучууд, нийт иргэдийг нэг талаас насан туршийн хөрвөх боловсролтой иргэнийг, нөгөө талаас дэлхийн монгол иргэн бэлтгэхэд анхаарлаа хандуулахыг шаардаж байна. Эзэмшсэн мэдлэг, чадварын хадгалагдах болон хэрэглэгдэх хугацаа улам бүр богиносож, хувь хүнээс хандлага, зан чанар, сэтгэл хөдлөл, сэдэл зэрэг зөөлөн чадварыг цогцоор нь шаардах боллоо. Өнөөгийн боловсролын хөгжлийн шинэ хандлагын дагуу боловсролын тогтолцоог өөрчлөн шинэчлэх, 21 дүгээр зууны боловсролын зорилго, зорилтыг дэлхийн болон бүс нутаг, улс орны нийгэм эдийн засгийн хөгжлийн хандлагад нийцүүлэн шинээр тодорхойлж томьёолох шаардлага тулгарч байна. Судлаачид боловсролын тэрхүү зорилгыг суралцагчийн цогц чадамж, чадамж, ур чадвар зэргээр олон янзаар нэрлэж байгаа боловч тэдгээрийн нийтлэг нэг зүйл бол суралцагчдад ирээдүйн амжилтад хүрэхэд юу тусалдаг вэ гэдэг асуултын хариулт дээр төвлөрч байна. Үүнтэй холбогдуулан шинэ цагийн боловсролын зорилго, зорилтуудыг тодорхойлохыг зорьж Боловсролын Хүрээлэнд хийгдсэн судалгаанд суурилан бүтээсэн 21 дүгээр зууны монгол суралцагчийн эзэмших цогц чадамжийн нэгэн загварыг энэхүү илтгэлээр танилцуулж байна. Монголын нийгэм эдийн засгийн өөрчлөлтийн чиг хандлага, бэрхшээлийг PESTELED аргаар 96 хүчин зүйлээр илрүүлэн дэлхийн нийгэм-эдийн засаг болон боловсролын өөрчлөлтийн чиг хандлагын талаарх нийт 100 гаруй баримт бичигтэй харьцуулан судлав. Улмаар дельфи аргаар монгол суралцагчийн үнэт зүйлийг тогтоож, олон улсын боловсролын байгууллагуудаас гаргасан цогц чадамжийн загваруудтай харьцуулсан судалгаа хийж, 21 дүгээр зууны монгол суралцагчийн эзэмших үнэт зүйлд суурилсан суурь ЦЧ-ийн нэгэн загвар (“Тоонон”)-ыг боловсруулав. Монгол суралцагчийн цогц чадамжийн тоонон загварт “Хэл, соёл; Шинжлэх ухаан; Хөгжил, шинэчлэл; Хүн, нийгэм” гэсэн өөр хоорондоо уялдаа холбоо бүхий дөрвөн үндсэн айг багтаан томьёоллоо. Насан туршийн боловсролын зорилтууд болох суралцагчийн эзэмших цогц чадамжийг тодорхойлсон энэхүү загвар нь шинэ зуунд цогц чадамжид суурилсан боловсролын бодлого тодорхойлох, улмаар сургалтын хөтөлбөрийг шинэчлэхэд бодит хувь нэмэр оруулна.