Бидний тухай
Багш ажилтан
Энэхүү судалгаагаар Ерөнхий хими II хичээлийн явцын шалгалтад гурван улирал дараалан хэрэглэсэн олон-сонголтот 41 даалгаврын чанарыг үнэлэв. Судалгаанд 2024-2025 оны намар (n = 28), хавар (n = 52), 2025-2026 оны намар (n = 44)-ын улирлын өгөгдлийг ашиглав. Даалгаврын чанарыг сонгодог тестийн онолын хүрээнд хүндрэлийг зэрэг, ялгах чадвар, буруу хариултын хувилбарын ажиллах байдлаар шинжилж, өөрчлөлт орсон 13 даалгаварт дагалдах хайгуул шинжилгээ хийв. Үр дүнгээс харахад даалгаврын хүндрэлийн зэрэг гурван улирлын хооронд статистик ач холбогдолтой өөрчлөгдсөн бол ялгах чадвар сорилгын түвшинд харьцангуй тогтвортой байв. Засвар орсон даалгавруудын ялгах чадвар эерэг чиглэлтэй өөрчлөгдсөн ч энэ үр дүнг түүврийн хэмжээ, бүлгийн ялгааг харгалзан болгоомжтой тайлбарлах шаардлагатай. Даалгаврын шинжилгээ нь чанарын өөрчлөлт бүх даалгаварт жигд бус, харин даалгавар тус бүрийн онцлогоор илэрч байгааг харуулав. Иймээс олон-сонголтот даалгаврын чанарыг зөвхөн нэг удаагийн гүйцэтгэлээр дүгнэхгүй, харин давтан хэрэглэгдсэн даалгаврын мөрдөлтийг буруу хариултын шинжилгээтэй хамтатган авч үзэх нь нотолгоонд тулгуурласан даалгаврын сан боловсруулахад дэмжлэг болохыг харууллаа.
Энэхүү өгүүлэл нь Монголын боловсролын нөхцөлд Хичээлийн судалгааг нутагшуулах, хэрэгжүүлэх, үнэлэхэд ашиглах Хичээлийн судалгааны шинжилгээний хүрээ (Lesson Study Analytical Framework, LSAF; цаашид ХСШХ гэх)-г санал болгож байна. Хичээлийн судалгаа олон улсын хэмжээнд өргөн тархсан боловч түүний хэрэгжилтийн чанар, соёл–байгууллагын нийцэл, үр нөлөөг хамтад нь үнэлэх хөгжлийн чиг баримжаатай хэрэглүүр дутмаг хэвээр байна. Torraco-ийн нэгдмэл судалгааны тоймын арга, PRISMA 2020-ийн шүүлтийн логик, хүрээний синтезийн арга зүйг хослуулан 1,198 бичлэгээс шүүгдсэн 62 эх сурвалжийг шинжилсэн. Судалгааны үр дүнд хичээлийн судалгааг шинжлэх нэгдмэл шинжилгээний хүрээ, түүнд тулгуурласан 9 хэмжүүр бүхий аналитик рубрикийн санал боловсруулсан. Хичээлийн судалгааг шинжлэх нэгдмэл шинжилгээний хүрээ нь онолын, арга зүй ба нотолгооны, нутагшуулалт ба хэрэгжилтийн, багшийн мэргэжлийн суралцахуйн, сургуулийн соёл ба хамтын ажиллагааны, бодлого–сургалтын хөтөлбөр–багшийн хөгжлийн уялдааны гэсн үургаан домэйнтэй. Аналитик рубрик нь судалгааны сэдэв ба зорилго, сургалтын хэрэглэгдэхүүний судалгааны гүнзгийрэл, хичээлийн төлөвлөгөөний чанар, амьд судалгаат хичээлийн үнэнч хэрэгжилт, мэргэжлийн дэмжигчийн чадавх, хичээлийн дараах хэлэлцүүлгийн чанар, мөчлөгийн дэд бүтэц ба мэдлэг түгээлт, соёл–байгууллагын нийцэл, үр дүн ба нөлөөллийн мөрдөлт. Хэмжүүр бүр таван түвшний хөгжлийн рубриктэй бөгөөд нийлмэл оноо нь хэрэгжилтийн төлөвшлийг 9–45 онооны хүрээнд ангилна. ХСШХ нь багшийн өөрийн үнэлгээ, сургуулийн оношилгоо, бодлогын түвшний үнэлгээнд зориулсан гурван давхар хэрэглээний бүтэцтэй. Уг хүрээ нь Монголын нөхцөлд хичээлийн судалгааг нотолгоонд суурилсан, соёлын хувьд нийцтэй, хөгжлийн чиг баримжаатайгаар нутагшуулах онол–арга зүйн суурь болох боломжтой. Түлхүүр үг. Хичээлийн судалгаа, сургалтын хэрэглэгдэхүүний судалгаа, мэргэжлийн мэдлэг бүхий зөвлөх, хичээлийн судалгааны шинжилгээний хүрээ, багшийн мэргэжлийн хөгжил, нутагшуулалт, Монгол (хөгжиж буй) орны боловсролын нөхцөл, үнэлгээний рубрик.
The purpose of this study was to evaluate the quality of recurring multiple-choice items used in formative assessments across three semesters of General Chemistry II (CHEM202), using item difficulty, item discrimination, and distractor functioning as key indicators, and to identify patterns of change across semesters. The study drew on data from Fall 2024–2025, Spring 2024–2025, and Fall 2025–2026, and analyzed a total of 41 recurring items. Exploratory follow-up analyses were conducted for 13 items that underwent change. The data were analyzed using the Friedman test, Mann–Whitney U test, independent-samples t test, paired-samples t test, Wilcoxon signed-rank test, Pearson’s χ² test, and binomial generalized linear models. The findings showed that item difficulty changed significantly across the three semesters, whereas item discrimination remained relatively stable overall. However, between Spring 2024–2025 and Fall 2025–2026, the discrimination of modified items improved more than that of unchanged items. Item-level analyses further indicated that changes in quality were not uniform across all items, but instead emerged in item-specific ways. These findings suggest that the quality of multiple-choice items should not be evaluated solely on the basis of one-time performance indicators; rather, recurring item tracking should be integrated with distractor analysis.
Энэхүү судалгааны ажлын зорилго нь 7-р ангид судлах “Материалын шинж чанар” сэдвийн ээлжит хичээлүүдийг ухагдахуун төлөвшүүлэх загвараар төлөвлөж, зааж туршин сэдвийн хүрээнд сурагчдын эзэмшсэн мэдлэг, чадвар нь хугацаа болон хүйсээс хамаарч хэрхэн өөрчлөгдөж байгаа эсэхийг судлахад оршино. Судалгааны зорилгыг хангахын тулд дараах зорилтуудыг дэвшүүлсэн. Үүнд: 1. Туршилтын болон хяналтын бүлгийн 1-р хяналтын ажлын дундаж оноог харьцуулж статистикийн хувьд ач холбогдолтой ялгаатай эсэхийг тооцох. 2. Туршилтын болон хяналтын бүлгүүдийн 2-р хяналтын дараах дундаж оноог харьцуулж статистизийн хувьд ач холбогдолтой ялгаатай эсэхийг тооцох 3. Туршилтын бүлгийн охид, хөвгүүдийн тестийн дараах дундаж оноог харьцуулах Нийслэлийн ерөнхий боловсролын А сургуулийн 7-р ангийн 7д бүлгийн 31 сурагчаар туршилтын бүлэг, 7-р ангийн 7ж бүлгийн 31 сурагчаар хяналтын бүлгийг бүрдүүлсэн. 7-р ангид судлах “Материалын шинж чанар” сэдвийн хүрээнд зургаан ээлжит (480 минут) хичээлийг туршилтын бүлэгт ухагдахуун төлөвшүүлэх загвараар, хяналтын бүлэгт уламжлалт аргаар хоёр өөр багш заасан. Судалгааны зорилгыг хангахын тулд 2 удаагийн хэмжилт (хяналтын ажил)-ээр хэмжээсжүүлсэн. Хэмжилтын найдвартай байдлыг шалгахын тулд Cronbach`s alpha бодуулсан ба үр дүн боломжийн буюу α = 0.66 гарсан. Хяналтын болон туршилтын бүлгийн хэмжилт 1 болон 2-ын дундаж оноо тус тус статистикийн хувьд ач холбогдолтой зөрүүтэй болох нь (хэмжилт 1 t=9.18, p=0.014, хэмжилт 2 t=12.37, p=0.011) батлагдсан. Судалгааны үр дүнд химийн хичээлд ухагдахуун төлөвшүүлэх загвар ашиглах нь сурагчдад ухагдахууныг урт хугацаанд төлөвшүүлэх магадлалтай болох нь тогтоогдсон. Хичээлийг ухагдахуун төлөвшүүлэх загвараар төлөвлөн, заахад сурагчдын мэдлэг эзэмшилт хүйсээс хамаардаггүй үр дүн (t=-1.76, p=0.058) гарсан. Энэ нь ухагдахуун төлөвшүүлэх загвар нь охид хөвгүүдэд адил тохирдог болохыг харуулж байна. Түлхүүр үг: Ухагдахуун төлөвшүүлэх загвар, Уламжлалт арга, Ухагдахуун төлөвших үйл явц
Хураангуй: ЕБС-ийн багшийн ажлын байрны нэг үндсэн зорилт нь сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх билээ. ЕБС-ийн суурь боловсролын химийн цөм хөтөлбөрийн 9-р ангийн агуулгад холимгийг нэрэх нэрлэгийн аргыг хэрэглэн бодисыг ялгаж цэвэрлэх туршилт гүйцэтгэхтэй холбоотой суралцахуйн зорилт томьёологдсон байдаг. Гэвч багш цөм хөтөлбөр дэх тухайн суралцахуйн зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд тулгамдаж буй нэг асуудал нь ЕБС-ийн лабораторд энгийн нэрлэгийн багаж хангалттай биш байдал юм. Багаж ашиглан туршилт гүйцэтгэх нь сурагчдын мэдлэг, чадвар эзэмшилтэд чухал үр дүнтэй байдаг билээ. Иймд бид багш өөрөө угсарч хэрэглэхэд хялбар, өртөг багатай, ЕБС-ийн сургалтад ашиглаж болохуйц найдвартай ажиллагаа бүхий энгийн нэрлэгийн багаж угсарч, угсарсан багажны найдвартай байдлыг турших туршилт судалгааны ажлыг гүйцэтгэсэн болно. Судалгааны ажлын үр дүнд үндэслэн бид гарын доорх олдоц сайтай, мөн хаягдал материалыг ашиглан өртөг бага, хэрэглэж буй бодис, материалын хувьд аюулгүй байхуйц найдвартай ажиллагаа бүхий энгийн нэрлэгийн багаж угсарч, цаашид ЕБС-ийн химийн хичээлийн хэрэглэгдэхүүн болгон хөгжүүлснээр дээр дурдсан тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх боломж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.
Товч агуулга: Батарей бол химийн энергийг агуулах бөгөөд түүнийгээ цахилгааны энерги болгон хувиргадаг зөөврийн эрчим хүчний эх үүсвэр билээ. Дахин цэнэглэгддэггүй (хуруу зай буюу шүлтийн, товчон батарей) болон дахин цэнэглэгддэг аккумлятор буюу хартугалга-хүчлийн, лити ионон) маш олон төрлийн, янз бүрийн зориулалтаар бүтээгдсэн батарейг бид хэрэглэдэг. Үүнийг дагаад батарейны хаягдал ихсэж байна. Байгаль Хамгаалалын Агентлагаас гаргасан судалгаагаар АНУ-д жилд 180,000 тонноос багагүй батарейн хаягдал хаягддаг [2]. Эдгээр хаягдал хөрс, ус бохирдуулахаас гадна хүний эрүүл мэндийг шууд болон дамаар хохируулдаг байна. Одоо мөрдөж буй Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн “Арга зүй” 3-р бүлгийн “Багшлахуйн стратеги” дэд бүлэгт “Тогтвортой хөгжлийн боловсрол (нийгэм, хүрээлэн буй орчин, эдийн засаг)-ын үүднээс химийн хичээлийг багшлахуйг зохион байгуулах”, “Суралцахуйн стратеги” дэд бүлэгт ЕБС-ийн анги бүрт сурагчдын бие даан суралцах цагийг төлөвлөсөн ба багш, сурагчдын бие даан суралцах, судалгаа хийх үйлийг дэмжих, үнэлэх, үүний тулд багш курсын ажил, судалгаа шинжилгээ, бүтээл, туршилт зэрэг даалгаврын төрлийг сурагчдаар гүйцэтгүүлэх боломжтой хэмээжээ. Бид энэ удаагийн судалгаагаараа гарын доорх олдоц сайтай, хаягдал материал ашиглан эко-батарей бүтээх боломжийг туршиж судалсан бөгөөд цаашид хэрэглэх хүрээг нэмэгдүүлэх, химийн хичээлийн сургалтын хэрэглэгдэхүүн болгон хөгжүүлэх зэрэг зорилтыг дэвшүүлэн ажилласан болно. Бид эко-батарей бүтээх чиглэлээр гадаадын эрдэмтэн судлаачдын хийж буй хэд хэдэн судалгааны ажлаас ишлэл авч эко-батарейд тавигдах шаардлага, техникийн нөхцөлөө тодорхойлсон бөгөөд өөрийн оронд олдоцтой, гарын доорх хаягдал материалын судалгаа хийж тэдгээрийг дахин ашиглах замаар экобатарей бүтээх шийдэл, технологийн загвар, тооцооллыг гаргасан. Туршилтын үр дүнд бид гарын доорх, хаягдал материалыг дахин ашиглан ахуйд түгээмэл хэрэглэгддэг батарей (судалгаанд хамруулсан)-тай харьцуулбал, бүтээх нийт өртөг хамгийн бага буюу 53.72 төгрөг; ногоон химийн зарчмын 7-д нийцэж буй; хамгийн багадаа 0.619±0.035В ба түүнээс дээш хүчдэл гаргах боломжтой, хадгалах, зөөвөрлөх, ашиглахад аюул осол хамгийн бага үзүүлэлтийг хангахуйц, энгийн технологи бүхий далайн усан батарейн нэг хувилбарыг бүтээсэн. Иймд ЕБС-ийн ахлах ангийн сурагчдаар бие даан гүйцэтгэх даалгавар болгон судлуулж, бүтээл хийлгэх бүрэн боломжтой.
ЕБС-ийн суурь боловсролын химийн цөм хөтөлбөрийн 7-р ангийн агуулгад “Химийн элемент, нэгдэл, холимог” бүлэг сэдвээр химийн элемент, химийн нэгдэл, холимгийг ялгах, багаж төхөөрөмжийг зөв хэрэглэх, 9-р ангийн агуулгад холимгийг нэрэх нэрлэгийн аргыг хэрэглэн бодисыг ялгаж цэвэрлэх суралцахуйн зорилтууд томьёологдсон бөгөөд суралцахуйн зорилтын хүрээнд Хими 9 сурах бичигт “Химийн бодисын шинж чанар” бүлгийн “Холимгийг ялгаж салгах”дэд бүлэгт нэрлэгийн аргыг ашиглан холимгийг ялгаж, цэвэрлэх туршилтын сэдэв агуулга тусгагджээ. ЕБС-ийн лабораторид нэрлэгийн багаж тоног төхөөрөмж хангалттай биш (бараг л байхгүй) байдгаас улбаалан химийн сургалтын практикт хичээлээр энгийн нэрлэгийн аргаар холимгийг ялгаж цэвэрлэх туршилт тавигддаггүй, багажны бүтэц, ажиллах зарчмыг гүйцэд таньж мэдээгүйгээс сурагчдад нэрлэгийн аргын мөн чанарыг ойлгоход бэрхшээл үүсэх нэг нөхцөл болдог. Иймд бид гарын доорх олдоц сайтай хаягдал материалыг дахин ашиглан энгийн нэрлэгийн багаж угсарч турших боломжийг судалж, цаашид сургалтад хэрэглэх хэрэглэгдэхүүн болгон хөгжүүлэх зорилт тавин энэ судалгааг хийж байна. Бид ЕБС-ийн суурь боловсролын химийн цөм хөтөлбөр, сурах бичгийн агуулгыг судалсан ба туршилтад хэрэглэгдэх бодисын хор, аюулын зэрэг хамгийн бага байх, манай оронд олдоц сайтай, хямд, дахин ашиглах боломжтой хаягдал материал байх зэрэг шаардлагад үндэслэн туршилтад хэрэглэгдэх холимог, багаж угсрахад шаардлагатай материалын судалгааг хийсэн. Нэрэх холимгоо спиртийн усан уусмал сонгосон ба нэрлэгийн бүтээгдэхүүнээ таних, нэрлэгийн үзэгдлийг илүү тод харуулах, ойлгоход дэмжлэг үзүүлэх боломжийг тооцон эмийн сангаар жоргүй зарагддаг, 70%-ийн концентрацтай, эмнэлэгт ашигладаг цэнхэр спиртийг сонгосон. Энгийн нэрлэгийн багажны бүтэц, ажиллах зарчимд үндэслэн цэнхэр спиртийн нэрэхэд хэрэглэж болох хэрэглэгдэхүүний судалгааг хийж, туршилт гүйцэтгэсэн. Багаж тус бүрт хэрэглэгдэх материалын судалгааг туршилтын, ажиглалт, хэлэлцүүлэгийн үр дүнд үндэслэн хийж, энгийн нэрлэгийн багажны 3 хувилбарыг бүтээсэн. Хувилбар тус бүрийг ашиглан эмнэлгийн спиртийг нэрэх боломжтой бөгөөд үүнээс 2-р хувилбараар бүтээсэн багажны харьцангуй алдаа хамгийн бага (2.2%-3.3%), шаардлагатай материалын өртөг хамгийн бага (1200₮), 3.1-р хувилбараар бүтээсэн багажны этилийн спирт нэрэгдэж анхны дусал үүсэх хугацаа, бүрэн нэрэгдэж дуусах хугацаа хамгийн бага байгаа болно. Иймд бид гарын доорх олдоц сайтай мөн хаягдал материалыг дахин ашиглан үнэ өртгийн хувьд хамгийн бага, хэрэглэж буй бодис, материалын хувьд аюулгүй байхуйц энгийн нэрлэгийн багаж угсарч, цаашид ЕБС-ийн химийн хичээлийн хэрэглэгдэхүүн болгон хөгжүүлэх, мөн туршилтын материалын судалгааг илүү нарийвчлан хийснээр материалын үзүүлэлтдээ үндэслэн алдаа багатай, аюулгүй байдлыг хангасан, туршилтын багаж угсарч бусад төрлийн холимгийг нэрэх боломж байна гэж үзсэн.
ЕБС-ийн суурь боловсролын химийн цөм хөтөлбөрийн 9-р ангийн “Бодисын төлөв, шинж чанар” сэдвээр “Диффузын хурд молекул массаас хамаарах хамаарлыг тодорхойлох (чанарын хувьд)“ суралцахуйн зорилт томьёологдсон бөгөөд энэ суралцахуйн зорилтын хүрээнд Хими 9 сурах бичигт өтгөрүүлсэн давсны хүчил ба аммонын гидроксидын уусмал ашиглан “Хий дэх диффузыг турших” туршилтын ажил тусгагдсан байна. Энэхүү туршилт нь хийн диффузыг судлах сонгомол туршилт болох нь мэдээллийн бусад эх сурвалжийг судлах явцад тодорхой болсон. Гэвч энэ туршилтаар өтгөн хүчил, суурийн уусмал, тэдгээрийн харилцан үйлчлэх урвалыг ашигладаг ба бодисын ууранд хордох аюултай. Иймд туршилтыг зориулалтын тоноглогдсон лабораторт, зохих хамгаалалтын хэрэгслийг ашиглан явуулах шаардлагатай. Бид өтгөн хүчил ба шүлтийн уусмалын концентрацыг бууруулж, туршилтыг явуулах боломжтой эсэхийг судалсан. Ингэхдээ хийн диффузын хурд их байх, диффуз явагдсаныг илтгэх урвалын эффект мэдэгдэхүйц тод байх шаардлагад үндэслэн хүчил ба шүлтийн концентрац, туршилтад хэрэглэгдэх дуслын тоо, хийн туулах замын урт, шилэн хоолойн диаметр, хийн диффузэд зарцуулагдах хугацаа гэсэн хувьсагчдыг сонгон авч туршилт явуулах зохистой нөхцөлийг тогтоох нийт 32 хувилбарын туршилтыг тус бүр 3 удаагийн давталттай хийж гүйцэтгэсэн. Туршилтын үр дүнд үндэслэн бид өтгөн хүчил ба шүлтийн концентрацыг 4 дахин шингэлж сулруулан туршилтыг явуулах боломжтой ба хүчил ба суурийн уусмал тус бүрээс зарцуулагдах хэмжээ 6 дусал, хийн туулах замын урт 3 см, шилэн хоолойн диаметр 0.8 см байх оптималь нөхцөлийг хангаснаар хийн диффүз хурдтай явагдах (9 минут), диффүз явагдсаныг илтгэх урвалын эффект мэдэгдэхүйц тод, хүчил ба суурийн уурын туулсан замын харьцаа (NH4OH : HCl = 3см : 1см) илт мэдэгдэхүйц байх боломжтой болохыг тогтоосон.