Бидний тухай
Багш ажилтан
Энэхүү хичээлээр олон улсын худалдааны олон талт зохицуулалт, түүний арга хэрэгсэл болон үндсэн зарчим, Олон улсын зах зээл дээр бараа худалдаалах олон талт зохицуулалт (худалдаан дахь стандарт ба техникийн зохицуулалт; мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн хяналт; татаас болон демпингийн эсрэг зохицуулалт; хамгаалалтын арга хэмжээний зохицуулалт; гаалийн үнэлгээний асуудлууд), Үйлчилгээ худалдааны ерөнхий хэлэлцээр, Оюуны өмчийн эрхийн худалдаатай холбоотой хэлэлцээр, Худалдаатай холбоотой хөрөнгө оруулалтын арга хэмжээний тухай хэлэлцээр, Чөлөөт худалдааны хэлэлцээр, ДХБ-ын хэлэлцээрийн хүрээнд гарсан маргааныг шийдвэрлэх механизмын талаар судална.
Даяаршин буй дэлхий ертөнцөд улс орнууд худалдааны бодлогоо олон талт хэлэлцээрийн зарчим дтулгуурлан, өөрөөр хэлбэл ХТЕХ/ДХБ-ын гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтдаа нийцүүлэн тодорхойлох болсон нь өнөөгийн нийтлэг хандлага юм. ХТЕХ/ДХБ-ын гэрээ хэлэлцээрийн үйлчлэл, үзүүлэх нөлөөллийн талаар гүнзгий мэдлэг, ойлголттой болох нь бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдын хувьд төдийгүй судлаачдын хувьд туйлын чухал болоод байна. Энэхүү хичээлийн гол зорилго нь олон талт худалдаатай холбоотой бодлогын аливаа асуудлыг судлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, шийдвэрлэх ур чадварыг эзэмшүүлэх явдал юм.
Энэхүү хичээлийн агуулга нь лабораторд боловсорсон шинэ бүтээл, арга технологи, оюуны өмчийг бараа, үйлчилгээ, бизнесийн үйл ажиллагаанд нэвтрүүлэн зах зээлд гаргах үйл явцын хүрээнд тодорхойлогдоно. Тус агуулгын хүрээнд: • Бизнесийн үйл ажиллагаанд инноваци, технологийн үзүүлэх нөлөө, ач холбогдлыг судлах, • Технологийн үнэлгээ хийх болон технологийг зах зээлд нэвтрүүлэх боломжийг үнэлэх аргуудаас суралцах • Оюуны өмчийн эрхийн зохицуулалтын талаар судлах • Шинэ технологи бүхий бараа, үйлчилгээний зах зээлийг судлах, зах зээлийн багтаамжийг тодорхойлох аргуудыг судлах, • Судлаач эрдэмтэд, оюуны өмчийн эрх эзэмшигчид болон хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийг холбох, хамтын ажиллагааг бий болгох, • Технологи солилцоо, технологийн худалдааны аргуудыг судлах • Оюуны өмч, технологийг бизнест нэвтрүүлэх стратегийн талаар судлах
Өнөөгийн хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй бизнесийн орчин, хүчтэй өрсөлдөөн дунд үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдийн өмнө оюуны өмч, технологийн дэвшлийг бизнестээ ашиглах, шинэ бараа бүтээх, бизнесийн үйл ажиллагаа, бараа, үйлчилгээндээ инноваци хийх зайлшгүй шаардлага тулгарч байна. Оюуны өмч, технологийг бүтээх, бизнест нэвтрүүлэх, бодит бараа, үйлчилгээ болгон хөгжүүлэхэд технологийн, бизнесийн, хууль эрх зүйн, үйлдвэрлэлийн олон талт мэдлэг, чадвар шаардлагатай юм. Энэхүү хичээлийн зорилго нь оюуны өмч, технологийг бизнест ашиглах боломж, арга замыг тодорхойлж, хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэх ба оюуны өмч, технологийг эдийн засаг, нийгэмд хэрэгцээт бараа, үйлчигээ, инноваци болгон нэвтрүүлэх мэдлэг, чадвар бүхий суралцагчдыг бэлтгэхэд ач холбогдол оршино.
Энэхүү хичээлээр хөгжингүй болон хөгжиж буй орнуудын худалдааны тойм, тэдгээрийн хооронд үүсч буй зөрчил, маргаантай асуудлууд; Хөгжиж буй орнууд дахь худалдааны бодлого, түүний үр нөлөөг Латин Америкийн орнуудад хэрэгжүүлсэн импортыг орлох бодлого, Зүүн Өмнөд Азийн орнуудад хэрэгжүүлсэн экспортыг дэмжих бодлого; улс орны эдийн засгийн өсөлтөд худалдааны бодлого хэрхэн нөлөөлдөг талаар судалж, худалдаа ба эдийн засгийн өсөлтийн харилцан хамаарлыг Гравитимодельд тулгуурлан авч үзэх; бүс нутгийн орнуудын хоорондох худалдаа, түүний шалтгаан, хөгжилт, эдийн засгийн ач холбогдол, тулгарч буй асуудлууд; Худалдаа ба тогтвортой хөгжил, худалдааны ядуурал, тэгш бус байдлыг бууруулахад ямар үүрэгтэй болох, ядуурал, ажилгүйдэл, тэгш бус байдал, байгаль орчны доройтлыг бууруулахад худалдааг хэрхэн ашиглах талаар судлах болно.
Хөгжингүй болон хөгжиж буй орнуудын орчин үеийн олон улсын худалдааны хөгжлийн болон бодлогын асуудлаархи үндсэн ойлголт, зарчмуудтай танилцана.
Тус хичээлийн агуулгад дараах сэдвүүд багтана. Үүнд : Улс орнуудын ялгаатай байдал: улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын болон бизнесийн ёс зүйн ялгаанууд ОУ-ын худалдаа ба хөрөнгө оруулалт: ОУ-ын худалдааны онолууд, ОУ-ын худалдааны улс төрийн эдийн засаг, Гадаадын шууд хөрөнгө оруулалт, Бүс нутгийн эдийн засгийн интеграци ОУ-ын бизнес дэх санхүүгийн систем: ОУ-ын валютын систем, ОУ-ын хөрөнгийн зах зээл ОУ-ын бизнесийн стратеги: ОУ-ын бизнесийн стратеги, ОУ-ын бизнес дэх байгууллагын зохион байгуулалт, ОУ-ын зах зээлд нэвтрэх стратеги, стратегийн альяанс Бизнесийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах: Экспорт, импорт, угтвар худалдаа, Глобал үйлдвэрлэл, логистик, аутсорсинг, ОУ-ын маркетинг, судалгаа хөгжил, ОУ-ын хүний нөөцийн удирдлага
Оюутнуудад олон улсын бизнесийн үндсэн ойлголтыг онол, аргазүйн болон практик түвшинд олгож, тухайн чиглэлээр мэргэжүүлэх хичээлийг гүнзгийрүүлэн судлах, чиглэл олгоход оршино.
• Логистик, нийлүүлэлтийн сүлжээний тухай ойлголт, түүхэн хөгжил • Бизнесийн байгууллагад логистик, нийлүүлэлтийн сүлжээний ач холбогдол, логистикийн систем, стратеги • Логистик дах барааны нөөц, агуулах • Үйлдвэрлэл, мэдээлэл, тээвэрлэлт хуваарилалтын логистик • Логистикийн системийн шинжилгээний арга
Логистик, нийлүүлэлтийн сүлжээний онол, арга зүйн болон практик мэдлэгийг олгож, түүнийг өөрийн ажил хэрэгтээ баримтлан ажиллах чадавхийг олгоход оршино.
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалт нь дотоодын зах зээл дээр явагддаг худалдаа, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанаас ихээхэн ялгаатай. Бизнесийнхэн гадаад зах зээлтэй холбоотой худалдаа, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг удирдаж явуулахад нэмэлт бэрхшээлүүдээс гадна шинэ боломжуудтай тулгардаг. Энэхүү хичээл нь олон улсын түвшинд пүүсийн үйл ажиллагааны талаар шийдвэр гаргахад шаардлагатай шинжилгээ судалгааны ур чадварыг эзэмшүүлэх үндсэн зорилготой. Шинжилгээ судалгааны ур чадвар нь цаашид олон улсын бизнесийн орчинд худалдаа, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг амжилтад хүргэхэд шаардлагатай стратегиудыг боловсруулах үндэслэл нь болох юм. Энэхүү хичээлийг стратегийн төлөвлөлт, олон улсын бизнес, худалдаа болон хөрөнгө оруулалтын онол ба бодлого, менежмент, эдийн засаг, хууль эрхзүй болон мэдлэгийн бусад салбаруудтай холбоотойгоор судална. Энэхүү хичээлийн хүрээнд бид худалдаа болон хөрөнгө оруулалтын бодит амьдралтай холбогдох үзэл баримтлал, судалгаа шинжилгээний арга барилд онцгой ач холбогдол өгч байна. Хичээлийн хүрээнд хийгдэх төсөлт ажлууд нь оюутны судалгаа шинжилгээ, харилцаа холбооны аман болон бичгийн ур чадварыг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй байх болно.
Дэлхий дахиныг хамарсан даяаршил, худалдааны либеральчлал, өргөжин тэлэх хандлагатай болсон бизнесийн хурц ширүүн өрсөлдөөний нөхцөлд орчин үеийн бизнесийн чухал бүрэлдэхүүн хэсэг болох худалдаа, хөрөнгө оруулалтыг оновчтой удирдах асуудал өнөө үед чухлаар тавигдах боллоо. Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын удирдлага хичээлийн зорилго нь оюутанд аж олон улсын зах зээлд худалдаа, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаатай холбоотой шийдвэрүүдийг гаргахдаа гадаад зах зээл дэх боломж, нөхцөл байдлыг ойлгох, үнэлж дүгнэх чадварыг олгох, оновчтой шийдвэр гаргах аргазүйг эзэмшүүлэх үндсэн зорилготой. Академик компетенц: • Глобаль бизнесийн үзэл баримтлал, загварууд, тэдгээрийн үйлчлэх хүрээ, үүрэг функцууд, гадаад худалдаа, шууд болон багцын хөрөнгө оруулалт, пүүс компани, ҮДК-иудын олон улсын үйл ажиллагааны онолуудын талаар ойлголт, мэдлэгтэй болох • Пүүс, компанийн гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд нөлөөлөх орчны болон бусад хүчин зүйлс, гадаад зах зээлд баримтлах худалдаа, хөрөнгө оруулалтын стратегиуд, тэдгээрийг амжилтад хүргэх хүчин зүйлсийн талаар ойлголт мэдлэгтэй болох Судалгааны компетенц: • Пүүс, компанийн түвшинд шийдвэр гаргахад чухал шаардлагатай гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын орчныг судлан шинжлэх, эрсдэл, нөхцөл байдлыг үнэлэх тоон болон чанарын судалгааны аргуудыг эзэмших, шийдвэрийн хувилбаруудыг боловсруулах ур чадварт суралцах • Худалдаа, хөрөнгө оруулалтын шийдвэрүүдийн эдийн засаг, бизнест үзүүлэх нөлөөллийг тооцох арга барилд суралцах Ерөнхий компетенц: Монгол улсын их сургууль 4 • Өөр өөр соёл, ёс заншил, бизнесийн ялгаатай орчин бүхий өрсөлдөөнт глобаль зах зээлийн орчин нөхцөлд пүүсийн гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны талаар удирдлагын шийдвэр гаргах ур чадварт суралцана.
Энэхүү хичээлээр гаалийн хяналтын тухай ойлголт, гаалийн хяналтын зорилго, зарчим, болон гаалийн объект, субъект болон гаалийн харилцаанд оролцогчдын эрх үүрэг, гаалийн баталгаат болон чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар болон бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих бичиг баримтын шалгалт, амаар мэдүүлэх, тайлбар гаргуулах, гаалийн зорилгоор ажиглалт хийх, бараа, тээврийн хэрэгслийг шалгах, хүний биед үзлэг хийх, гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт зэрэг гаалийн хяналтын хэлбэрийг хэрхэн явуулах талаар хууль эрх зүйн ойлголтыг олж авна. Түүнчлэн гаалийн эрсдлийн удирдлагын үйл ажиллагааны дэс дараалал, Гаалийн багц болон бусад хууль тогтоомжийн хүрээнд гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийн гаалийн хяналт бүрдүүлэлтийн үе шатуудад эрсдэл тооцох, хяналтын “улаан, улбар шар, ногоон” төлөвийн талаар нэгдсэн ойлголт, гаалийн байгууллагын эрсдлийн удирдлагын бүтэц, зохион байгуулалт, онцлог, эрсдлийг бууруулах арга хэмжээний талаар онолын болон хавсарга цогц мэдлэг олгоно.
“Эрсдлийн удирдлага”-д суурилсан гаалийн хяналтын бүтэц, гаалийн байгууллагын эрсдлийн удирдлагын зохион байгуулалт, гаалийн байгууллагын стратеги, тактик болон үйл ажиллагааны түвшин дэх эрсдлийн агуулгыг тодорхойлох, гаалийн эрсдлийн удирдлагын мөн чанар, агуулга, гаалийн эрсдлийн төрлүүд, эрсдэл тооцох үйл ажиллагааны дэс дараалал, эрсдлийн удирдлагын ач холбогдол, гаалийн эрсдлийн удирдлагын программ хангамж, мөн гаалийн үйл ажиллагааны түвшний эрсдлийг бууруулах арга хэмжээг зохион байгуулахад тулгамдсан асуудлыг онол-практикийн талаас ойлгуулж, цэгцтэй мэдлэг, дадлагыг олгоход оршино.
Тус хичээлийн хүрээнд дараах асуудлыг авч үзнэ: Гаалийн хяналт, нийтлэг үндэслэл, зарчим; Бараа, тээврийн хэрэгслийн гаалийн хяналтад байх хугацаа; Гаалийн бүрдүүлэлтийн горим, ангилал; Гаалийн бүрдүүлэлт, түүний төрлүүд, шаардагдах бичиг баримт; Гаалийн хяналтын бүс, гаалийн хяналтын хэлбэр; Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйл, Улс хоорондын шуудангийн илгээмж, Дипломатын бараа, Оюуны өмчийн эрхэд хамаарах бараа, онцлог барааг гаалийн хилээр нэвтрүүлэх; Гаалийн зуучлагч, гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн
Энэхүү хичээлийн гол зорилго нь мэргэжлийн ангийн оюутнуудад бараа, тээврийн хэрэгсэл, зорчигчийг гаалийн хилээр нэвтрүүлэхэд гаалийн хяналт тавих хэлбэр, гаалийн хяналтын зохион байгуулалт, эрсдэл тооцох арга зүйд суурилсан гаалийн хяналт шалгалт хийх үндсэн зарчмын талаарх мэдлэг, чадвар эзэмшүүлэхэд оршино.