Бидний тухай
Багш ажилтан
Зохиогчтой, зохиогчгүй бүх төрлийн гар бичмэл болон хэвлэмэл ном зохиолыг судална. Гар бичмэлийн нууцыг тайлах, уг байдлаар нь сэргээх, ховор чухаг олдвор, дурсгалууд, нэг зохиолын олон хувилбар эхийг харьцуулан судалж сонгомол эх гаргах, үндсэн эхийг тогтоох, алдаа мадгийг засах, үг үсэг, баларсан сохорсон, муудсан, хаягдсан хэсгийг сэргээх, унших, он цагийг болоод зохиогчийг олж тогтоох зэрэг судалгааны нарийн ажил хийнэ.
Гар бичмэлийн доторх нуугдмал зүйлийг тодруулан судлахад оршино. Эх дэх маргаантай хэсгүүдийг дэлгэрэнгүй үзэж, судлаачдын тайлбарыг нэгтгэн ойлгох.
Зохиогчтой, зохиогчгүй бүх төрлийн гар бичмэл болон хэвлэмэл ном зохиолыг судална. Гар бичмэлийн нууцыг тайлах, уг байдлаар нь сэргээх, ховор чухаг олдвор, дурсгалууд, нэг зохиолын олон хувилбар эхүүдийг харьцуулан судалж сонгомол эх гаргах, үндсэн эхийг тогтоох, алдаа мадгийг засах, үг үсэг, баларсан сохорсон, муудсан, хаягдсан хэсгийг сэргээх, унших, он цагийг болоод зохиогчийг олж тогтоох зэрэг судалгааны нарийн ажил хийх чадвартай болгох.
Бичвэр судлалын гол зорилго нь гар бичмэлийн доторхи нуугдмал зүйлийг тодруулан судлахад оршино. Зохиолчийн гар бичмэлд хүний дотоод ертөнцийг уран сайхнаар, далд утгаар илэрхийлсэн байдаг гэдгийг ойлгуулах. Эрдэм шинжилгээний ажил хийж эх судлал дээр ажиллахад юун түрүүн шаардагдах дадалга чадварыг суулгах.
Эхний багц агуулга болох зүүд, сэрэл, санаа, хэлбэр, хэл, хэллэг, урлаг гэх томъёоллын угт хэний, ямар үндэслэгээ оршидгийг түүхэнд нэрээ үлдээсэн сэтгэгчдийн сургаал номлолын үүднээс тоймлон хүргэх бөгөөд дараах багц агуулга болох фобизм, кубизм, абстракционизм, экспрессионизм, сюрреализм, анти-урлаг, үйлдэл-урлаг, поп-урлаг, имидж-урлагийн нэр томъёо, гол тунхаг уриаг нэрт бүтээлчдийн тайлал тайлбарлал дор анхан шатны мэдлэг олгоно. Уран зохиолын хэсэгт уран сайхны дүр, түүний зан төрх, нийгэм ахуйн нөхцөл байдлын хамаарал ба уран зохиолын түгээмэл мөн чанар, сайхны тухай сургаал, гоо зүйн үүрэг ач холбогдол, ашиг тусыг танин мэдэх, зөв тайлах, шинжлэх дадал дүй, үгийн урлагийн талаарх ерөнхий мэдлэг олгоход чиглэнэ. Монголын уран зохиолын түүхэн том үе шатны соёл уран сайхны дурсгалуудтай танилцуулна.
Уран зохиолын эл хичээл 32 цагийн лекц, 32 цагийн семинариар зорилго нь хангагдана. “Зүүд, сэрэл” гэж юу вэ? ойлголтоос эхлээд урлагийн онолын үүтгэлд хамааралтай хүртэхүйн боломжийг түүхэн баримтаар нь тоймлон тайлбарлахыг зорино. Урлагийн түүхэн мэдлэгийг aesthesis буюу бүх төрлийн хүртэхүйн оноолтоор тэмдэглэдэг учраас хүртэгдэж хийгээд хүртэгдэж буй хоёрын хоорондын харилцан үйлдэлших асуудал урлагийн бүтээл дээр хэрхэн илэрсэнийг оюутанд таниулах ач холбогдолтой. Уран зохиолын хэсэгт уран зохиолын ашиг тусыг тайлбарлаж, зөв ухаарах, уран сайхны боловсрол, зөв хүмүүжилтэй, иргэн болж төлөвшихэд хичээлийн гол зорилго чиглэнэ. Хүн төрөлхтнийг нялх балчир ахуйгаас үүсч хөгжсөн соёл-уран сайхны сэтгэлгээний дээд хэлбэр болсон уран зохиолын төрөл зүйлс нь бүхэлдээ хүний түүх, тэдгээрийн зан төрхийн уран сайхны загварчлал юм. Зохиолын баатруудын амьдрал тэмцлийн утга учир, хүний төөрөг тавилангийн түгээмэл мөн чанарыг нээх, түүнээс уншигчид өөрийн зан чанарын сайн муу, ёс суртахуун, хүмүүжил боловсролын байдлаа зохиолын баатрын зан төрхөөс олж үзэх, өөрийгөө хянах, шинжлэх, таних, мөн гэгээрэх боломжийг олгохын дээр уран сайхны дүрээр дамжуулж ойлгуулдаг зүй тогтлыг тайлбарлах. Хүний боловсрол, соёл-уран сайхны хөгжилд уран зохиол-урлаг шууд ба дам байдлаар асар их нөлөө үзүүлдэг хийгээд ашиг тусыг онол, түүхийн үүднээс хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлэхэд хичээлийн зорилго, ач холбогдол оршино.
Монголын уран зохиолын нэгэн өвөрмөц төрөл болох сургаалын шүлгийг эртнээс нааш түүх, соёлын нягт харилцаатай Энэтхэг, Төвд, Хятад зэрэг улс үндэстний сургаалын шүлгийн харьцаа холбооны асуудалтай холбон авч үзэх шаардлагатай. XIII зууны үеийн Монголын уран зохиолын дурсгалт бичгүүдэд тухайн үеийн болон түүнээс эртний монгол сургаал шүлгийн агуулга, үзэл санаа, туурвилын онцлог тодорхой харагддаг. Сургаалын шүлэг нь аман зохиолын уламжлалыг хадгалсан агуулга нь товч тодорхой, хэллэг нь хурц мэргэн, зохиомж нь энгийн, ардын билиг сургаал, зүйр цэцэн үгтэй хэлбэрийн хувьд маш ойролцоо, хаан төрийн удирдан засах явдалтай холбоо бүхий нүүдэлчин монголчуудын амьдрал ахуй, ёс заншил, амьдралын арга ухааныг заан сургасан байна.
Монгол сургаалын зохиолын агуулгыг танин мэдэх Сургаалын шүлгүүдийг сурвалжлан цуглуулах, задлан шинжилж, тайлан тайлбарлах чадварыг хөгжүүлэх Сургаалын зохиолын ач холбогдол, үнэ цэнийг мэдэрснээр эрхэмлэн хүндэтгэх, уламжлан хөгжүүлэх иргэний ухамсар ба хандлага харилцааг хөгжүүлэх
Эртний Монгол уран зохиолын судлалыг эртний уран зохиолын тойм; /судлал, шүүмжлэл, уламжлалт аргууд, онол судлалын бүтээлүүд, шүүмжийн дэг маягууд/, Хүннү, Сяньбийн үеийн дурсгалууд, “Монголын нууц товчоо” зохиолын уран зохиолын судалгаа, XIII-XIV зууны уран домгууд, Юань улсын үеийн шүлэг, дуулал, “Гэсэрийн тууж”-ийн хувилбарууд /Монгол Гэсэрийн тууж/, “Жангарын тууль”-ийн тархац зэргийг судална. Дундад эртний үеийн уран зохиол;/”Чингисийн хоёр эр загалын тууж”, Турфаны нутгаас олдсон монгол уран зохиолын дурсгал, Бурхны шашны ном судрын орчуулгын дурсгалууд/, Орчуулгын уран зохиолын судлал, Дорно дахины уран зохиолтой холбогдох монгол уран зохиол;/намтар зохиол, бурхны шашны сэдэвтэй тууж, бурхдын магтаал/, Дундад зууны үеийн уран зохиол;/Ойрадын уран зохиол, иргэний уянгын шүлгүүд/, Сургаалын зохиол, XVII-XVIII үеийн уран зохиол, “Үг” зохиол, XIX зууны Монголын сонгодог уран зохиол;/V Ноён хутагт Равжаа, их зохиолч В.Инжаннаши,С.Жамьянгарав, С.Лувсандондов, Р.Хишигбат, Х. Дугарсүрэн, Д.Шагдар /, XIX-XX зууны зааг үеийн уран зохиол зэргийг үзэж судална.
Эртний Монгол уран зохиол нь олон зуун жилийн түүхтэй. Уг хичээлээр Монголчуудын дэлхийн соёлт хүн төрөлхтний оюуны их санд оруулсан алдарт бичгийн дурсгал болох “Монголын Нууц товчоо” зохиол туурвигдсан цаг үеэс эхэлж зааж ирсэн уламжлалтай. Эртний Монгол уран зохиолыг цаг хугацааны хувьд чухам хэдий үеэс эхэлж заах, зохиогч нь тодорхой зохиол бүтээл, зохиогч бүхий болон тодорхойгүй бүтээл туурвилын судлал гээд нэг мөр болж шийдэгдээгүй тулгамдсан асуудлууд олон байдаг. Тиймээс эртний Монгол уран зохиолыг XIII зуунаас өмнө хамгийн багаар үзэхэд 200 гаруй жилээр урагшлуулж үзэж судлах зорилготой байна. Иймийн тулд эртний, сонгодог уран зохиолын чиглэлээр шинэ тутам буюу сүүлийн гуч гаруй жилийн хугацаанд гарсан эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүд дээр тулгуурлан Хүннүгийн үеийн утга соёлд холбогдох судалгааны бүтээлүүд зэргээр уламжлагдаж ирсэн тодорхой баримт, мэдээ занги зэргээс үүдэж Хүннүгийн үеийн цөөн хэдий ч шүлэг, дуулал, дурсгалууд, шүтлэг, олдворуудын бэлгэдэл шинжийг задлан тайлбарлаж улмаар Хүннү гүрний утга соёлын тухай, 1911-1912 оны Үндэсний Эрх чөлөөний үеийн бүтээл туурвилууд, Богд хаант Монгол Улсын үеийн шүлэг, дууллыг хүртэлх 1000 гаруй жилийн утга, соёлын түүхийн хөгжлийн асуудлыг авч үзэж, судлах болно.
Соёл хийгээд иргэншил хэмээх ухагдахууны ялгаатай болон төсөөтэй тал, нүүдлийн иргэншлийн онцлогийг таниулж, монгол соёл, түүний хамрах хүрээг тодруулна. Монгол гэр сууц, хувцас зүүсгэл, малын тоног хэрэглэл, монгол идээ ундааны соёл, баяр наадам, цагаан сар, хурим найрын ёс заншил ба тоглоом наадгай зэрэгмонгол соёл иргэшлийн үндэс хөрс болсон оршихуйн соёлуудыг ухамсартайгаар танин мэдэж, тэдгээрийг задлан шинжилж, соёлын утгыг тайлан тайлбарлана.
• Монгол соёл иргэншлийн үндсийг танин мэдэх • Монгол соёл иргэншлийн жишээ баримтуудыг сурвалжлан цуглуулах, задлан шинжилж, тайлан тайлбарлах чадварыг хөгжүүлэх • Монгол соёл иргэншлийнхээ үнэт зүйлсийг эрхэмлэн хүндэтгэх, уламжлан хөгжүүлэх иргэний ухамсар ба хандлага харилцааг хөгжүүлэх
Дорно дахины түүх, хэл, уран зохиол, нийгэм, эдийн засаг, урлаг, шашин, гүн ухаан, эд өлгийн болон оюуны дурсгалыг судалснаар бүхэл бүтэн багц ойлголт өгнө. Дорно дахины ард түмний хэдэн мянган жилийн турш бүтээж бий болгосон агуу их утга соёлын өвийг судлах нь дорно дахины судлалын талаарх цогц мэдлэгийг шинжлэх ухааны үндэслэлтэй олж авахын зэрэгцээ эрдэм шинжилгээний судалгааны цаашдын ажилд тодорхой үр дүн гарах ач холбогдолтой. Эндээс үүдэн Дорно дахин болон Өрнө дахин гэсэн хоёр соёлын харилцан шүтэлцээ, уялдаа холбоо, хөгжил хөдөлгөөн бүр цаашлаад гарал үүслийн гээд олон асуудалд хариулт авч болох юм. Дорно дахины уран зохиолын түүхэн онцлог, нийгэм-түүхийн шалтгаан нөхцөл, зохиолчдын үзэл санаа, зохиолд дэвшүүлсэн асуудал, туурвилзүйн онцлог, намтар түүх, сэтгэлгээний өвөрмөц тал, гүн ухаан, үзэл баримтлал зэрэгтэй холбоно.
• Дорно дахин судлалын үндсэн ойлголт ухагдахуун хийгээд дорно дахины уран зохиолын төрөл зүйлсийн өвөрмөц онцлогийг танин мэдүүлэх • Илтгэх, мэтгэлцэх, хэлэлцүүлэгт асуулт асууж, үг хэлж оролцох хийгээд суралцахуйн ерөнхий чадваруудыг хөгжүүлэх • Дорно дахины ард түмний оюуны өв, түүх, соёлыг танин мэдэж, задлан шинжилж, тайлан тайлбарлах чадварыг хөгжүүлэх • Үгийн урлагийн баялаг уламжлалаас суралцаж, тэдгээрийг судлан шинжлэх хандлага харилцааг хөгжүүлэх