Бидний тухай
Багш ажилтан
Монголд ойролцоогоор 6000-7000 орчим булш бий. Хүннү нар угсаатны төдийгүй төрхтөний хувьд ялгаатай гетроген нүүдэлчид боловч оршуулгын зан үйлээр нэгдмэл байдаг. Хүннгийн үеэс нүүдэлчдийн анхны хот суурин бий болжээ. Хүннүгийн оршуулгын байгууламжийг язгууртны ба энгийн иргэдийн хэмээн ялган үзнэ. Хүннүгийн эрин үед эдийн засгийн шинэ чиг хандлага бүрэлдэн, оршин суугчдын угсаатны бүтэц өөрчлөгдөн, эдийн ба оюуны соёлын шинэ элемент үүсэн бий болсон бөгөөд дээрх өөрчлөлтүүдийг хүннүгийн археологи бүрэн төлөөлөн харуулдаг. Нийгмийн археологийн үүсэл, гол төлөөлөгчид болон монголын нүүдэлчдийн археологийн судалгаанд хэрэглэх боломж, археологийн “нас”, “жендер” гэх мэт ойлголтууд.
Уг хичээлийн зорилго нь орчин үеийн археологийн судалгааны арга зүйг эзэмшихэд чухал ач холбогдолтой. МЭӨ III зууны үед Төв Азийн нүүдэлчдийн нийгэм, аж ахуй, соёлын хүрээнд гарсан зарчмын өөрчлөлтийг археологийн хэрэглэгдэхүүнээр тайлбарлахад чиглэх бөгөөд эрс өөрчлөлт гарахад хүргэсэн хүчин зүйлийн талаар ойлголттой болох юм. Сайн судлагдсан хүннүгийн археологийн материалыг дахин задлан шинжилж, гарсан өгөгдөхүүнийг нийгмийн археологийн судалгааны арга зүйгээр боловсруулах аргад суралцахад чиглэнэ.
Энэхүү хичээлээр монголчуудын дээд өвөг хэмээн үздэг хүннү нарын археологийн соёлыг бүх талаас нь дэлгэрэнгүй авч үзнэ. Үүний дотор булш оршуулга, тахилгын байгууламж, хот суурин, хадны зураг, олдворууд зэргийг багтаана. Оршуулгын зан үйлд тулгуурлан хүннүчүүдийн ертөнцийг үзэх үзэл ба шашин шүтлэгийг сэргээнэ. Хүннүгийн урлаг ба утга соёлыг бодит олдворуудад тулгуурлан судлана. Хүннүгийн аж ахуй, эдийн засгийг дэлгэрүүлэн судлахдаа мал аж ахуй, газар тариалан, гар урлалын хөгжлийг археологийн хэрэглэгдэхүүнээр тодруулан үзнэ. Хүннүчүүд угсаатны хувьд бүрэлдэн тогтсон асуудлыг палеоантропологи ба палеогенетикийн судалгааны шинэ үр дүнд тулгуурлан авч үзнэ. Хүннү ба хөрш орнуудын харилцааг археологийн олдворуудаар тодруулна. Эцэст нь Хүннүгийн соёл иргэншлийн хувь тавиланг гаргаж ирнэ.
Хүннүгийн археологийн соёлын олон төрлийн дурсгалуудыг нэгбүрчлэн судласнаар өвөг монголчуудын соёл иргэншил ба хүн ам бүрэлдэн бий болсон асуудлыг ойлгох боломж бүрдэнэ. Анхны төр улс, тэр дундаа нүүдлийн эзэнт гүрэн бий болох үйл явц археологийн хувьд хэрхэн илэрдэг болохыг энэ хичээлийн хүрээнд судлах юм. Археологийн тодорхой хэрэглэгдэхүүнд тулгуурлан угсаа соёлын ба аж ахуй, нийгмийн сэргээлтийг хийх арга зүй эзэмшинэ.
Тус хичээлээр газарзүй ба соёлын талаар Төв Азийн бүс нутагт багтдаг Хятадын Хөхнуур-Ганьсу, Төвд, Шинжаан болон Дундад Азийн Казахстан, Кыргызстан, Тажикстан, Узбекстан, Афганистаны археологийн гол дурсгалуудыг системтэйгээр судлана. Эдгээр бүс нутгийн археологийн судалгааны түүх, гол төлөөлөгчид, онцлох дурсгалууд, он цаг-соёлын системийг тодруулан үзнэ. Он цагийн хувьд чулуун зэвсгийн үеэс хожуу дундад зууны үе буюу XVII зууны үеийг хамрах юм.
Монголоос гаднах Төв Азийн бүс нутаг болон Дундад Азийн археологийн судалгааны түүх, үндсэн дурсгалуудыг системтэйгээр үзэхээс гадна, эдгээр бүс нутгуудын археологийн соёл-дурсгалууд Монголын археологитой хэрхэн холбогдож байгааг онцгойлон авч үзэж, харилцааны шижмүүдийг тодорхойлж, хөрш бүс нутгуудын археологийн судалгааны онол аргазүйн үндсийг эзэмшүүлэх, цэгцтэй мэдлэг өгөхөд оршино.
Монгол нутагт оршин сууж байсан хүрлийн үеийн соёлуудын хөгжил, тэдний үлдээсэн археологийн соёлын талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, шинэ эх хэрэглэгдэхүүн, эрдэм шинжилгээний зангилаа асуудлуудыг хөндөн тайдбарлана. Мөн хүрэл зэвсгээс төмөр зэвсэгт шилжих шилжилтийн үеийн археологийн соёлын онцлог, тархалтын хүрээ, тэдний монголчуудын угсаа соёлын хамааралд хэрхэн нөлөөлсөн зэрэг тодорхой асуудлуудыг хөндөн ярилцах болно.
НТӨ II мянган жилийн тэртээ зэсийг цагаан тугалга, хар тугалгатай хольж хайлуулан хүрэл гэдэг шинэ холимог төмөрлөгийг гарган авч үйлдвэрлэлд нэвтрүүлснээр хүрэл зэвсгийн үе эхэлсэн бөгөөд энэ нь эдийн соёлд гарсан хувьсгал байгаад зогсоогүй аж ахуй, нийгмийн харилцаанд ч үндсэн өөрчлөлт гаргасан юм. Хүн төрөлхтөний дамжин туулж ирсэн чулуун зэвсэг, хүрэл зэвсгийн үеийг бодоход төмөр зэвсгийн үе богино юм. Үнэн хэрэгтээ төмөр одоо хүртэл үйлдвэрлэлийн чухал үндсэн түүхий эд хэвээрээ байгаа бөгөөд түүний төрөл бүрийн хайлшаар хүн төрөлхтөн ихэнх хөдөлмөрийн багаж зэвсгээ үйлдвэрлэсэн хэвээр тул төмөр зэвсгийн үе одоо хүртэл үргэлжилсээр байна гэж үзэж болно. Энэхүү урт хугацааны туршид үргэлжилсэн хоёр том үед хамаарагдах археологийн соёлын талаар дэлгэрэнгүй авч үзнэ.
Археологийн эх сурвалж, судалгааны ач холбогдол, Монголын археологийн судалгааны тойм, Монголын хуучин чулуун зэвсгийн үе, Монголын дундад ба шинэ чулуун зэвсгийн үе, Монголын хүрлийн үе, Монголын түрүү төмрийн үе, Хүннүгийн археологийн дурсгалууд, Сяньби, Жоужаний археологийн асуудал, Хөх Түрэгийн археологийн дурсгалууд, Уйгурын археологийн дурсгалууд, Хятаны археологийн дурсгалууд, Монголын эзэнт гүрний археологийн дурсгалууд, Монголын эзэнт гүрний дараах үеийн археологийн дурсгалууд
ӨӨмнө үзсэн холбогдох хичээлээр олж авсан мэдлэгт тулгуурлан Монголын археологийн судалгаа, хөгжлийн үе шат ба археологийн соёлуудтай танилцаж системтэй мэдлэг олгоход чиглэгдэнэ. Монгол үндэсний нэгдмэл үнэт зүйлс, үндэсний бахархлыг бий болгох, эх оронч үзэл хүмүүжлийг төлөвшүүлэхэд ач холбогдолтой.
Тус хичээлээр археологийн дурсгал, олдвор, хэлбэр ба археологийн соёл, археологийн хайгуулын төрөл, зохион байгуулалт, хайгуулын бэлтгэл, агаарын тандалт ба аеро-зургийн судалгаа, археометр, геофизикийн тандалт, археоландшафт, сансарын тандалт, фосфат, микроморфологийн судалгаа, малтлага: практик ба онол, малтлагын бэлтгэл, зохион байгуулалт, малтлагын стратеги, хот суурин, булш оршуулга, түүвэр олдвор ба дарш, малтлагын техникийн асуудал, баримтжуулалт, 3 хэмжээст Laser-Scan, Соёлт давхарга, Harris Matrix-ын загвар, Он тогтоох арга зүй: Харьцангуй он цаг, Типологийн арга, Үнэмлэхүй он цаг: Дендрохронологи, С14, Термолюминесценц, спектроанализ, газхроматографийн арга, Өнгө будгийн судалгаа, UV нил ягаан туяа, Яс ба анатомийн эд эсийг судлах нь археозоологи ба археоботаник, компьютер, археологийн онолын чиг хандлагууд: Түүхэн болон археологийн эх сурвалжийн уялдаа холбооны асуудал, археологийн олдворын боловсруулалт, материалын анализ, хадгалалт, хамгаалалт, сэргээн засварлалтын асуудал, археологийн фото ба график зураглал, чулуу, шавар материал, төмөр, мод, яс, археологийн олдвор ба олдворын цогцыг тайлбарлах нь, эрдэм шинжилгээний хэвлэлтэй танилцана
Орчин үеийн археологийн хээрийн шинжилгээний хайгуул, малтлага судалгаа явуулах онол, аргазүйн үндсэн мэдлэгийг бататгах, олдворыг судлаж тайлбар өгөх, он цаг тогтоох, хадгалж хамгаалах, бэхжүүлэх ба сэргээн засварлахад суралцана. Түүхэн үе бүрийн археологийн дурсгалуудын гадаад хэлбэр бүтэц, зохион байгуулалтын ялгаа, орших газар, тархалтын хүрээ, түүнчлэн бусад ард түмэн, тивийн дурсгалтай төстэй талууд, түүхэн нийтлэг, одоо ба өнгөрсөний хоорондох органик холбоо, түүхэн үйл явцын зүй тогтолыг илрүүлэх, дэлхийн иргэншлийн уг эх, хүн төрөлхтөн ба дэлхийн соёл нэгдмэл болох тухай төсөөлөл төлөвшүүлнэ.