Бидний тухай
Багш ажилтан
Цөмийн физикийн судалгаа үүссэнээс хойших 100 гаруй жилийн хугацаанд цөмийн бүтэц, урвалын талаар маш олон өгөгдөл, мэдээлэл хуримтлагджээ. Дэлхийн судалгааны лабораториудад янз бүрийн аргаар гарган авсан өгөгдлүүд хоорондоо ихээхэн зөрөх явдал элбэг байдаг. Иймээс, энэ олон өгөгдлүүдээс өөрт хэрэгтэйг олж авах, аль нь үнэн зөв болохыг тогтоох нь хэрэглэгчид ихээхэн төвөг учруулдаг. Цөмийн эрчим хүч, цөмийн технологийг ашиглаж буй ихэнх орнууд өөрсдийн цөмийн өгөгдлийн сантай байдаг бөгөөд тэндээсээ хэрэглэгчдээ найдвартай мэдээллээр хангаж байдаг. Манай улсад цөмийн цацраг, технологийг анагаах ухаан, геологи хайгуул, уул уурхайн үйлдвэрлэл зэрэгт нэвтрүүлэхтэй холбоотойгоор цөмийн өгөгдөл, мэдээллийг хэрэглэгчдийн тоо, эрэлт хэрэгцээ улам өсч байна. Гэвч манайд цөмийн өгөгдөл, мэдээллийн нэгдсэн сан байхгүй учир мэдээллээр гачигдаж, үнэн зөв мэдээлэл олж авахад бэрхшээл учирч байна. Иймээс бид ОУАЭА-ийн EXFOR санд байгаа цөмийн урвалын өгөгдлүүдийн 22579 файл буюу 22579 удаагийн туршилтын мэдээллийг R хэлний орчинд бичигдсэн програм- мын тусламжтайгаар нейтроноор, гамма-квантаар, хөнгөн ба хүнд ионоор явагдах урвалууд гэж ашиглахад эвтэй байдлаар 4 ангилан МУИС-ийн ЦФСТ-ийн компьютерийн “MINATO SERVER”-т байршуулав. Ингэж ангилсан өгөгдлүүдээ цаашид хэрхэн ашиглахын жишээ болгож (n, α), (n, p), (n, t), (n, 2n) болон (γ, n) урвалуудын огтлолын утгуудад системчилсэн анализ хийж, тодорхой зүй тогтлууд байгааг харуулав. Ажиглагдсан зүй тогтлуудыг цөмийн урвалын загвар, механизмуудын тусламжтайгаар тайлбарласан зарим үр дүнг үзүүлэв.
Цөмийн урвалын компаунд механизмын хүрээнд, статистик загварыг ашиглан (n, He3) урвалын огтлолын томъёог гаргав. Энэ томъёогоо ашиглан 14-15 МэВ энергитэй нейтроноор явагдах (n, He3) урвалын огтлолын туршлагын утгуудад системчилсэн анализ хийв. (n, He3) урвалын туршлагын эмхэтгэсэн огтлолууд нь бай цөм дэх протон, нейтроны тооны асимметр параметр (N-Z+1)/A-ээс тодорхой зүй тогтлоор хамаарч байгааг харуулав. (n, He3) урвалын огтлолын онолын ба туршлагын утгуудыг хооронд нь харьцуулах замаар He3 кластер бүрэлдэх магадлалыг олов. Ингэж олсон He-3 кластер бүрэлдэх магадлалаа урьд нь бидний тодорхойлсон He-4 ба He-3 кластер үүсэх фактортой харьцуулав.