МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Ө.Саранцэцэг, Л.Ли
"Эрдэмтэн Ш.Гаадамбын утга зохиолын үзэл баримтлал ӨМӨЗО-нд нөлөөлсөн байдал", XX зууны Монгол хэл бичгийн ухааны хөгжил, төлөвшил: Шанжмятавын Гаадамба-100, 2025-5-6, vol. 10, pp. 80-94

Хураангуй

Энд бид онцгойлон 1958 онд Улаанбаатар хотод хэвлэгдсэн Ш.Гаадамбын “Утга зохиолын онолын товч” бүтээлийг 1960 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын хэвлэлийн хорооноос монгол бичгээр хөрвүүлэн хэвлүүлснийг дурдах байна. Тавь жараад оны үед БНХАУ-д монгол хэлээр хичээллэдэг их дээд сургуулийн утга зохиолын онолын хичээлд зориулан тухайн үеийн ЗХУ-ын утга зохиолын сурах бичгийг орчуулан хэрэглэж байсны нэг том гэрч бол Ш.Гаадамбын “Утга зохиолын онолын товч” номын өмнө жил 1959 онд Зөвлөлтийн эрдэмтэн Г.Л.Абрамовичийн “Утга зохиолын шинжлэлийн удиртгал” номыг орчуулан монгол бичгээр буулган ашиглаж байсан явдал юм.

Зохиогч(ид): Ө.Саранцэцэг
"Тукэдун Циншэний “Бөөгийн нар” роман дахь цөөнх үндэстнийг дүрсэлсэн түүх-уран сайхны харьцаа", Ази Судлал Олон улсын хурал, МОНГОЛ УЛС, 2025-5-2, vol. XI, pp. 574-582

Хураангуй

БНХАУ-ын зохиолч Тукэдун Циншэн цөөнх үндэстэн эвенкчүүдийн ХХ зууны хорь гучаад оны үеийн түүхэн бодит амьдралаас сэдэвлэн “Бөөгийн нар” хэмээх уран сайхны роман бичсэнийг орчуулагч Соёлтын орчуулгаар монгол уншигчид 2020 онд хүлээн авсан байна. Зохиогч өөрөө эвенк үндэстэн бөгөөд “Тавдугаар давхрын хүн”, “Ертөнцийн хязгаарыг гэтлээд” зэрэг нэлээд зохиол нь БНХАУ-д утга зохиолын төрөл бүрийн шагнал хүртэж, бестселлер ном болсон байдаг. “Бөөгийн нар” романд “Дэлхийн хоёрдугаар дайны үед хоёр мянга гаруйхан хүн амтай нэгэн аймаг угсаа Солон голын дагуу нутаглан амьдарч байжээ. Тэр нэгэн жилийн арваадхан хоногийн хугацаанд учир үл олдох халдварт тахалд дөрвөн зуу гаруй халуун амь эрсэдсэн. Хожим нь тэд энэ хижгийг японы эзлэн түрэмгийлэгчид тараасныг ойлгож, эсрэг тэмцэж байгаа тухай өгүүлдэг. Уг өгүүлэлд энэхүү бодит түүхээс сэдэвлэсэн зохиолыг түүх уран сайхны үүднэээс задлан өгүүлэхийг зорьсон болно.

Зохиогч(ид): Ө.Саранцэцэг
"Монгол-Хятад уран зохиолын харилцаа холбооны судлалд эрдэмтэн Б.Цогтын оруулсан хувь нэмэр" Хэл зохиол судлал, vol. Боть XVII (49), pp. 259-264, 2024-12-18

http://inll.ac.mn

Хураангуй

Монгол-Хятадын уран зохиолын харилцаа холбооны асуудал нь өнөөгийн утга зохиол судлалын зайлшгүй авч үзэх ёстой том “цагаан орон зай” болоод байна. Өмнөх үеийн ахмад эрдэмтдийн үзсэнээр энэхүү асуудал нь дундад зууны үед ихэд дэлгэрсэн “бэнсний үлгэр”, “хуурын үлгэр” зэрэгт ихээхэн хамаарах бөгөөд эдгээрийг судлахад хятад хэлний мэдлэг зайлшгүй хэрэг болж байгаа юм. Энэхүү ажлыг сүүлийн жилүүдэд амжилттай гүйцэтгэж БНХАУ-ын төв болон орон нутгийн номын сан, төв болон орон нутгийн эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн эрдэм судлалын хүрээнд хийгдэж буй судалгаанууд, түүнчлэн өөрөө биеэр явж хээрийн шинжилгээгээр цуглуулсан материалуудаа нэгтгэн судалсан “Хуурын үлгэрийн судалгаа” “Лувсан хуурчийн Бодь мэргэн хааны судлал” зэрэг ганц сэдэвт зохиол бичсэн Бээжингийн төвийн Үндэстний Их сургуулийн профессор Б.Цогт нь үнэтэй хувь нэмэр оруулсан гэж түүний бүтээлүүдийн онцлог тал, үр дүн, эрдэм шинжилгээний шинэлэг талуудыг товойлгон дурдсан болно.

Зохиогч(ид): Ө.Саранцэцэг
"Ц.Дамдинсүрэнгийн дорно дахины утга зохиолын талаарх зөрүүтэй үзэл ба түүний учир" Монгол судлалын чуулган, vol. №37, pp. 136-141, 2024-12-2

http://www.msue.edu.mn

Хураангуй

Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухаан тэр дундаа утга зохиол судлал хөгжихөд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн бол ак. Ц.Дамдинсүрэн мөн. Өнгөрсөн зууны дөч тавиад оноос эхлэн монголын эртний уран зохиол, дорно дахины улс үндэстний утга зохиолын харилцаа холбоог судлан тэрээр Монгол-Хятадын уран зохиолын харилцаа холбоо нь зөвхөн хоёр үндэстний төдий бус нийт дорно дахины утга соёлтой холбогдох том үзэгдэл хэмээн олон арван баримт эх сурвалжаар нотлон хэлж байжээ. Бүр БНХАУ-ын тусгаар тогтнолын баяр дээр очиж шүлэг зохиолоо хүртэл зориулж байсан эрдэмтэн маань далаад оны сүүл наяад оны эхнээс Монгол-Хятадын уран зохиолын холбооны асуудлаар таг дуугүй болж, зөвхөн Энэтхэг, Төвөдийн утга соёлын харилцааны асуудлаар ярих бичих болсон. Энэ бол нэгд: Хоёр орны улс төр, эдийн засаг,соёл, нийгмийн салбарын бүхий л хүрээнд харилцаа муудсан хоёрт: Ц.Дамдинсүрэнг “ревизионист” Хятадын талыг баримтлагч “чөлөөт санал гаргагч” гэх зэргээр цоллон ном бүтээлийг хураах шатаах, зэргээр хавчин гардуурхаж байсантай холбоотой талаар зохиогч баримтад тулгуурлан үзэл бодлоо илэрхийлжээ.

Зохиогч(ид): Ө.Саранцэцэг, Л.Ли
"Алашаа яруу найргийн туурвил зүйн зарим асуудал ", "Монгол туургатны уран зохиол, соёлын өв, уламжлал, шинэчлэл:На.Сайчунга [На.Сайнцогт]-110 олон улсын эрдэм шинжилгээний хурал, 2024-8-21, vol. 110, pp. 397-405

Хураангуй

Алашаа аймгийн хувьд өнөөгийн Эзнээ хошуу урьд нь Торгууд вангийн хошуу, өнөөгийн Алашаа зүүн, баруун хоёр хошуу урьд нь Алашаа хошууд хошуу нэртэй, тусдаа байгаад хожим 1979 оны 7 сард ӨМӨЗО-ны бүрэлдэхүүнд орсон. Нөгөөтэйгүүр асар өргөн уудам хязгаар нутагт хүн ам хэт сийрэг суурьшсан, саяхныг хүртэл зам харилцаа хөгжөөгүй, халуун хуурай уур амьсгалтай, тариа тарихад тохиромжгүй элсэн цөл учраас зөвхөн мал аж ахуй, тэр дундаа тэмээ голдуу маллаж ирсэн байдаг. Тиймээс Алашаагийн Монголчуудын хэл сэтгэлгээ нэг их өөрчлөгдөөгүй, үүнээс үзвэл эх хэлээ хадгалж үлдэхэд уламжлалт аж ахуй маш чухал байдаг ажээ.

Зохиогч(ид): Ө.Саранцэцэг, С.Байгалсайхан
"Цогтын хадны бичгийн нэгэн уламжлал", "Монголчуудын бичгийн соёл:Чингисийн чулууны бичиг-800, Цогтын хадны бичиг-400", 2024-7-1, vol. 1, pp. 1-10

Хураангуй

Цогтын хадны бичиг нь зохиогчоос тохиолдлын чанартай гэнэт биччихсэн зохиол бус, туршлагатай, эрдэм боловсролтой зохиолчийн олон арван шүлэг бүтээлийн нэг гэж хэлж болохоор байна. Түүнчлэн Энэтхэг төвөдийн уламжлалт туурвил зүйгээс суралцсан, зохист аялгууны онолын дэг жаягаар бичигдсэн,тухайн үеийн монголын уран зохиолын нүүүр царайг бүрэн төлөөлж чадах зохиол мөн тухайтад авч үзлээ.

Зохиогч(ид): Ө.Саранцэцэг
"Ван Хаогийн дэвшүүлсэн Ц.Дамдинсүрэнгийн "Гурван тулгуур" онолыг өчүүхэн тодотгосон зүйл" Хэл зохиол судлал, vol. XVI(48), no. ISSN 2308-510X, pp. 275-280, 2023-12-1

http://inll.ac.mn

Хураангуй

БНХАУ-ын Бээжингийн Их Сургуулийн доктор судлаач Ван Хао “Цэндийн Дамдинсүрэнгийн монгол уран зохиол судлал” эрдмийн бүтээлдээ Ц.Дамдинсүрэнгийн “гурван тулгуур” онолыг анх дэвшүүлсэн. Бид энэхүү өгүүлэлдээ үүний нэг тулгуур болох “Монголын сонгодог уран зохиол” хэмээх ойлголтыг нэмэн задлан тайлбарлаж, энэтхэг, төвөд-монгол, хятад-монголын уран зохиолын холбоо харилцааны асуудал нь ХХ зууны монголын уран зохиолд хэрхэн уламжлагдсан, ямаршуу төвөгтэй зам бартааг туулсан, ялангуяа Ц.Дамдинсүрэнгийн туурвил, түүний ертөнцийг үзэх үзэлд тухайн үеийн үзэл суртал, нам засгийн шийдвэр хэрхэн нөлөөлж байснаас шалтгаалж өөрчлөгдөж байсан тухай нэмэн товч дурдсан болно.

Зохиогч(ид): Ө.Саранцэцэг
"Монгол-Хятадын уран зохиолын хөгжлийн түүхийг үечлэх асуудал" Монгол судлалын чуулган, vol. №35, no. ISBN 978-99973-44-52-6, pp. 121-128, 2023-12-1

http://www.msue.edu.mn

Хураангуй

Монгол-Хятадын уран зохиолын харилцаа холбооны хөгжлийн түүхийг: -Нэн эртний үе -Эртний үе -Дахин сэргэлтийн үе -Зогсонги үе -Шинэ сэргэлтийн үе гэж ангилах саналтай байна.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар