Бидний тухай
Багш ажилтан
Үндсэн хуульт ёс ба парламентаризмын талаар төгсөлтийн дараах сургалт, судалгааны түвшинд гүнзгийрүүлэн судлах, үүний тулд судалгааны хүрээнд тулгамдсан асуудлуудыг задлан шинжилж, нэгтгэн дүгнэхэд хичээлийн агуулга чиглэгдэнэ. Уг судлагдахууныг эзэмших үйл ажиллагааг зохион байгуулах үндсэн хэлбэр нь лекц, хэлэлцүүлэг, судалгааны семинар, эссе илтгэл, бие даасан ажил байна. Мөн сургалтын үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор эх зохиол болон судалгааны тулгуур бүтээлүүд, гадаад орнуудын үндсэн хууль, парламентаризмын талаарх зохиол бүтээлийн уншлага-хамгаалалтыг зохион байгуулна.
Удиртгал хичээлээр хичээлийн зорилго, агуулгын талаар оюутнуудад тодорхой танилцуулж тайлбарлана. Үндсэн хуульт ёс ба парламентаризм нь ардчилсан үнэт зүйлсийн тулгуур ойлголтууд билээ. Үндсэн хуульт ёс нь төрийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа, болон төр, нийгмийн үндсэн харилцаа үндсэн хуульд нийцэж байх, үүнийг нийгэм бүхэлдээ хүлээн зөвшөөрч, дагаж баримтладаг байх явдал юм. Үндсэн хуульт ёсны ойлголт нь бүхэлдээ улс төрийн дэглэмийг үнэлэхэд болон төрийн, ялангуяа дээд засаглалын институтын, түүнчлэн улс төрийн нам, нийгмийн бусад нэгдлүүдийн тодорхой тохироо, үйлдлийг үнэлэхэд ашиглагддаг. Парламентат ёсны нийтлэг зарчмууд, парламентын институтын үндсэн бүтэц манай орны болон бусад улс орнуудын үндсэн хуульт ёсонд хэрхэн уялдаж байгаа болох. Засаглал хуваарилах гэж юу болох, энэ нь үндсэн хуульт ёсонд яагаад чухлаар тавигддаг вэ. Үндсэн хуульт ёс яагаад чухал болох. Монгол улсын үндсэн хууль үндсэн хуульт ёсны ямар элементүүдийг агуулж байна. Парламентаризмын ашиг тус юу вэ, ерөнхийлөгчийн засаглалаас ямар онцлогтой болох. Засаглал хуваарилах үндсэн хуулийн зохицуулалт. Үндсэн хуулийн системд парламент ямар байр суурьтай болох.
Орчин үеийн улс төрийн шинжлэх ухаанд хэрэглэгддэг чанарын судалгааны арга зүй болон судалгааны арга зүйг тодорхойлоход хичээлийн агуулга чиглэгдэнэ. Хичээлийн үндсэн хэсэг нь судалгааны загварын элементүүд, янз бүрийн арга зүйгээс тухайн судалгаанд холбогдохыг олж тогтоох, сонгох, анхдагч болон хоёрдогч өгөгдөхүүн, мэдээллийг цуглуулах, судалгааны ажилд холбогдох чанарын өгөгдөлд анализ, синтез хийх гэсэн асуудлуудаас бүрдэнэ. Уг судлагдахууныг эзэмших үйл ажиллагааг зохион байгуулах үндсэн хэлбэр нь лекц, практик судалгааны семинар, бие даасан ажил байна. Мөн сургалтын үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор чанарын судалгааг тодорхой сэдэвт ажил, төслийн хүрээнд зохион байгуулна.
Тус хичээлийн зорилго нь улс төрийн шинжлэх ухааны чанарын судалгааны арга зүй болон чанарын аргуудын талаар төгсөлтийн дараах суралцагсдад танин мэдүүлэхэд орших бөгөөд төгсөлтийн ажил, тезис, диссертацийн ажилд шууд холбогдох судалгааны ажлаа хийхэд нэн чухал шаардлагатай арга зүй эзэмшүүлэх ач холбогдолтой болно.
Уг хичээлийн агуулгыг нийт 24 цагийн лекц, 16 цагийн семинар-дадлагын хичээлээр олгоно. Үүнээс: 1. Лекцийн хүрээнд: Улс төр ба хүн. УТШУ-ны ач холбогдол, Засаглал, улс төрийн засаглал, Ардчилал, улс төрийн ардчилал, улс төрийн дэглэм, улс төрийн систем, төр. түүний мөн чанар, үүсэл, хэв маяг, улс төрийн нам, намын систем, сонирхлын бүлэг, ТББ, улс төрийн шийдвэр, үйл ажиллагаа, оролцоо, улс төрийн соёл, нийгэмшилт, улс төрийн үзэл суртал, төрийн гадаад бодлого, олон улсын харилцаа. геополитик зэрэг үндсэн сэдвүүдийг заавал үзэх ба хичээл зааж буй тухайн багш нэмэлт сэдэв, холбогдох баримт материал зэргийг нэмж судлуулна. 2. Семинар-дадлагын хичээлээр оюутан бүр семинарын хичээл бүрт сонгон авсан сэдвээрээ бэлтгэж ирж идэвхитэй оролцох бөгөөд үүний зэрэгцээ өөрийн сонирхон сонгосон асуудлаар 2 удаа бие даах ажил хийж бусад оюутнуудаараа дүгнүүлдэг. Багш сэдэвчилсэн төлөвлөгөөний дагуу бүтээлч сэтгэлгээний аргачлалуудыг оновчтойгоор ашиглан семинар-дадлагын хичээлүүдийг сонирхолтой бүтээлч явуулах нөхцөл боломжийг бүрэн хангаж ажиллана. Семинар болон лекцийн хичээлээр үзүүлэн таниулах материал, холбогдох хууль журам, баримт бичиг, эх зохиолуудыг үзэж судлана. Багш семинарын хичээлийн хүрээнд оюутан бүрт ганцаарчилсан зөвлөгөө өгч ажилладаг.
Их дээд сургууль төгсөж буй оюутнуудыг нийгмийн амьдралд оролцох идэвхитэй, улс төрийн шийдвэрт нөлөөлөх, улс төрийн нөхцөл байдалд шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлэлт дүгнэлт өгч чадах чадвар, дадалтай, бүтээлч сэтгэлгээтэй иргэн, мэргэжилтэн болгон төгсгөх.
Энэ хичээлийн агуулга нь төрийн тогтолцооны тулгуур ойлголтуудын агуулгыг танин мэдсэний үндсэн дээр Монгол Улсын төрийн тогтолцоон дахь засаглалын институтуудын эрх мэдэл, чиг үүрэг, статус, мөн эрх мэдлийн хуваарилалтын асуудлыг судлан дүн шинжилгээ хийхэд оршино.
Хичээлийн гол зорилго нь Монгол улсын өнөөгийн төрийн тогтолцоонд шинжилгээ хийх ерөнхий арга зүй ба төрийн тогтолцооны үндэс суурийн талаарх олон талын мэдлэг олж авахад оршино.