Бидний тухай
Багш ажилтан
Энэхүү судалгааны семинар нь эртний сонгодог философийн гол төлөөлөгчид болох Сократ, Платон, Аристотель нарын үзлийг сократаас өмнөх болон эллинизмийн урсгалуудтай харьцуулан, асуудал–сэдэвт тулгуурласан хандлагаар авч үзнэ. Мэдлэг, оршихуй, шударга ёс, сайн амьдрал, төрийн зохион байгуулалт зэрэг философийн суурь асуудлыг эх зохиолын уншлага, харьцуулсан шинжилгээ, хэлэлцүүлэг, судалгааны эсээгээр дамжуулан судлуулж, докторын оюутанд эртний сонгодог философийн уламжлалыг орчин үеийн судалгааны асуудалтай холбон, өөрийн мэргэжлийн судалгаанд өргөн ашиглахад тус болно.
Энэхүү хичээлийн зорилго нь эртний сонгодог философийг түүхчилсэн байдлаар бус, харин асуудал-сэдэвт суурилан шүүмжлэлт, харьцуулсан хэлэлцүүлгээр судлахад оршино. Сократ, Платон, Аристотель нарын үзлийг сократаас өмнөх болон эллинизмийн үеийн төлөөлөгчидтэй харьцуулан авч үзэж, философийн үндсэн асуудлууд (онтологи, мэдлэг, ёс зүй, улс төр) хэрхэн төлөвшсөнийг ойлгуулах ач холбогдолтой.
Метафизик, эпистемологи зэрэг философийн онолын салбарын гол сэдвүүдийг судлахын зэрэгцээ ёс зүй, гоо зүй, урлаг, соёл, үнэлэмж, шашин, нийгэм, улс төр, шинжлэх ухаан зэрэг хүний амьдралын өргөн хүрээний асуудлаар философичдын дэвшүүлсэн үзэл баримтлалтай танилцаж, лекц, харилцан яриа, хэлэлцүүлгээр дамжуулан философийн үзэл санааг үндэслэлтэйгээр задлан шинжлэх, шүүмжлэн үнэлэх чадварт суралцана.
Энэхүү хичээл нь философийн үндсэн ойлголт, асуудал, сэтгэлгээний арга барил, философичдын байр суурийг танин мэдэх замаар оюутны шүүмжлэлт сэтгэлгээ, үндэслэл дэвшүүлэх чадварыг хөгжүүлэх зорилготой. Тус хичээлийг судалснаар сэтгэх, асуух, эргэлзэх, шүүн тунгаах чадвараа хөгжүүлэх, ёс зүй, эрх чөлөө, хариуцлага, сонголт, үнэн, худал, сайн, муу гэх мэт хүний амьдралын суурь ойлголтыг гүнзгийрүүлэн тунгаах, шийдвэр гаргах, асуудлыг олон өнцгөөс харах дадалд суралцах, шинжлэх ухаан, урлаг, шашны философийн үндсийг ойлгох суурьтай болох, бусдын санаа бодлыг сонсож, шүүмжлэлтэй хандах, өөрийн байр суурийг үндэслэлтэй илэрхийлэх сэтгэлгээний соёлд суралцах ач холбогдолтой.
Феминизмийн түүх, үе шатууд, ангилал, үндсэн ойлголтууд, феминист философийн экзистенциалист уг сурвалж, Сартр, Бовуар нарын философи үзэл баримтлалууд. Психоаналитик феминизмийн үндэслэлүүд: Фрейд, Лакан нарын үзэл. Постструктурализм: Фуко, Барт, Деррида нарын философи үзэл дахь феминист агуулга. Улс төрийн философи дахь феминист зарим үндэслэлүүдийг авч үзнэ
Хүн төрөлхтний түүхийн туршид улс төр, ёс зүй, нийгмийн бүхий л салбараас гадна философи мэдлэгийн хувьд эргэцүүлэл хийхэд хүргэж байдаг хүйсийн тухай авч үзсэнээр хүний биологийн ялгаа хэрхэн асуудал дагуулж байдгийг мэдэх зорилготой. Ингэснээр биологийн ялгаа нь нийгэм, эдийн засаг, улс төрийн ялгаатай үр дагавар бий болгодог, хүний оршихуйн онтологи, танин мэдэхүй, ёс суртахууны талаар харьцуулсан мэдлэгтэй болж нийгмийн олон талт асуудалд хүйсийн мэдрэмжтэй философи эргэцүүлэл бүхий хандах болно. Хүйсийн болон жендерийн ялгаа, энэхүү ялгааны нийгэм, эдийн засаг, улс төрийн үр дагаврын талаархи философи баримтлал, үндэслэлүүдийн талаар философи онолын мэдлэг олж авахын хамтаар асуудалд жендерийн мэдрэмжтэй ханддаг болох, нийгмийн аливаа ялгаварлан гадуурхах байдалд ухаалаг, зүй ёсны үүднээс ханддаг болно
Энэхүү хичээлээр үнэлэмжийн мөн чанар, категориуд, нөлөө бүхий үзэл баримтлалууд, бусад салбар шинжлэх ухаанд холбогдох байдлын талаар авч үзнэ. • Үнэлэмж, үнэлэмжийн тухай бодомж: баримт, үнэлэмжийн дихотоми • Ёс суртахууны мэдэгдлүүдийн мөн чанар, үндэслэлтэй холбоотой суурь асуудал • Үнэлэмжийн норматив категориуд • Гоо зүйн үнэлэмж бий болдог эсвэл үнэлэгддэг эсэх тухай асуудал • Үнэлэмжийн таксаноми • Үнэлэмж, үнэт зүйлс өөрчлөгддөг эсэх талаарх сэтгэл судлал, социологийн тайлбар, арга зүй • Үнэлэмж, танин мэдэхүйн асуудал: шинжлэх ухааны мэдлэг ба үнэлэмж
Үнэлэмж хэрхэн бүрэлддэг тухай, үнэлэмжийн мөн чанар, төрлүүдийн тухай онолын мэдлэг эзэмшихийн зэрэгцээ хүний үйл ажиллагаан дахь үнэлэмжийн харилцааны талаар мэдэхэд тус хичээлийн зорилго оршино. Мөн үнэлэмж хэрэгжих чухал талбар болох ёс зүй, гоо зүй, нийгэм, танин мэдэхүйн мэдлэгт хэрхэн холбогдож байдаг талаар мэдлэг эзэмшинэ. Энэ хичээлийг үзэх нь суралцагчид аливаа асуудалд үнэлэмжтэй, шүүмжлэлт сэтгэлгээний үүднээс ханддаг, үнэлэмжийг мэдлэгийн бусад салбарт уялдуулан эргэцүүлж, тайлбарлах, хэрэгжүүлэх тодорхой чадамж бүхий мэргэжилтэн болоход туслах зорилго, ач холбогдолтой.
Энэхүү хичээлээр үнэлэмжийн онолыг зонхилох онол, төлөөлөгчдийн үзэл баримтлал, гол категориудаар дамжуулан авч үзнэ. Үнэлэмжийн онолын талаар философи үзэл баримтлал боловсруулсан шинэ кантч үзлийн төлөөлөгчид, Шелер, Ницше гэх мэт сэтгэгчийн үзэл баримтлал, үнэлэмжийн хандлага, түүнчлэн үнэт зүйлийн талаарх орчин үеийн арга зүйн онцлогийн талаар судална. Үнэлэмжийн онол ёс зүй, шашин, урлаг, нийгэм зэрэг мэдлэгийн бусад төрөлд хэрхэн холбогдох асуудлыг авч үзнэ.
Энэ хичээл нь үнэлэмжийн объектив, субьектив, харьцангуй шинжийн талаарх ялгаатай үзэл баримтлалууд, гол категориуд, төрөл, ангиллыг судлан үнэлэмж бодит амьдралд хэрхэн хэрэгжиж байдгийг ёс зүй, шашин, урлаг, нийгэм зэрэг мэдлэгийн бусад төрөлд уялдуулан онол арга зүйн үүднээс судлах зорилготой. Мэдлэгийн төрөл, аливаа түвшинд үнэлэмжийн үр дүн агуулагдаж байдаг тул суралцагчдад аливаа асуудалд үнэлэмжтэй, шүүмжлэлт сэтгэлгээний үүднээс ханддаг, олон шийдэл дунд тунгаан эргэцүүлэх, ойлгох, хүндэтгэл, хүлээцтэй харилцааг төлөвшүүлэхэд ач холбогдолтой.
Эртний Грек, Ромын философийн сэтгэлгээн дэх соёлын тухай үзэл санааны үүсэл. Антифон, Гиппие, Платон, Протагор, Демокрит, Катон, Марк Тулий Цицерон, Вергилия, Луций Анней Сенека, Корнелий Тацит. Европын Дундад зууны үеийн соёлын тухай төсөөлөл. Аврелий Августин, Иохим Флорский. Европын Сэргэн мандалтын үеийн сэтгэгчдийн бүтээл дэх соёлын тухай ойлголт. Франческо Петрарка, Мишель Монтень. Шинэ үеийн Европын нийгмийн сэтгэлгээний төлөөлөгчдийн бүтээл дэх соёлын судалгааны асуудал. Франсис Бэкон, Томас Гоббс, Жон Локк, Жамбатиста Вико. Европын Соён гэгээрлийн үеийн философичдын соёлын талаарх үзэл санаа. Жан-Жак Руссо, Виктор Рикети де Мирабо, Йоганн Готфрид Гердер. XYIII зууны сүүлчээс XIX зууны эхэн хагасын үеийн Европын сэтгэгчид, философичид соёлын тухай асуудлыг боловсруулсан нь. Иммануэл Кант, Фридрих Вильгелм Йозеф Шеллинг, Георг Вильгелм Фридрих Гегель, Йоганн Фридрих Шиллер. XIX зууны сүүл хагасын Өрнөдийн философичдын бүтээл дэх соёлын тухай төсөөлөл. Соёлын тухай марксист ойлголт. Генрих Риккерт, Вильгелм Виндельбанд, Эрнст Кассирер, Зигмунд Фройд, Карл Густав Юнг. ХХ зууны Өрнөдийн философи дахь соёлын асуудал. Фридрих Ницше, Освальд Шпенглер, Хосе Ортега-и-Гассет, Макс ВеберКарл Манхейм, Карен Хорни, Эрих Фромм, Арнольд Жозеф Тойнби, Йохан Хейзинга, Альберт Швейцар, Николай Александрович Бердяев, Питирим Александрович Сорокин.
Соёлын философи хичээлийн зорилго нь үе үеийн философичид, сэтгэгчдийн бүтээл дэх соёлын тухай төсөөлөл, ойлголт, үзэл баримтлалаар дамжуулан суралцагчдыг салбарын философи эргэцүүллийг хүртэн эзэмших онол, арга зүйтэй болгоход оршино.
Утга зохиол, урлаг судлал багш Л.Хэрлэн,Ш.Ариунаа,А.Одгэрэл:Хүн төрөлхтөний соёлын үүсэл, хөгжил, соёлын тухай ойлголт, тодорхойлолтууд, эдийн болон оюуны соёлын тухай, тэдгээрийн нийтлэг болон ялгаатай тал, соёл судлалын үүрэг төрлүүд, хүн, нийгэм, байгаль, шинжлэх ухаан, угсаатан, хэл зэрэг соёлд хамаарал хүчин зүйлс, өрнө, дорно болон монголын соёлын түүхэн дэх соёлын дурсгалууд, нэрт төлөөлөгчдийн үзэл баримлал, бие хүний соёл, биеэ авч явах ёс журам, хэм хэмжээ, хүн болоод нийгмийн соёлын харилцааны асуудлуудыг хамрана. Философи, шашин судлалын тэнхим багш Т.Дорждагва, Д.Оюунгэрэл, Б.Мөнхжавхлан: Соёл судлалын объект, судлагдахуун, бүтэц, судалгааны арга. Соёл судлалын түүхэн нөхцөл байдал, мэдлэгийн салбарт түүний эзлэх байр суурь. Натураль, сонгодог, сонгодог бус болон постмодерн загвар, соёлын үзэгдлийг авч үздэг хандлагууд. Соёлын тухай ойлголт, тодорхойлолт, түүнийг ангилал. Соёлын функцүүд. Үнэлэмж, хэм хэмжээ, ёслол, чин эрмэлзлэл, соёлын универсаль. Соёлын бүтэц, хэв маяг, хэв маягчлал. Соёлын динамик: аккультураци, инкультураци, дэвшил, бууралт, хуьсал, хувьсгал, өвлүүлэх, хуримтлал, нэгдэл, салбарлалт, нэвчилт, шинэчлэл, түрэмгийлэл, даяарчлал, хожимдол, уламжлал, тогтвортой байдал, хямрал, соёлын бодлого. Ардын язгуур, нийтийн, элит соёлууд, дэд болон эсрэг соёл, залуучуудын соёл, маргиналь хүн. Биет ба биет бус соёл, соёлын олон янз байдал. Нийгэм, семиотик, хэл, тэмдэг, бие хүн, жендер, угсаатан, арьтан, институци, субъект, иргэншил. Байгаль, тогтвортой хөгжил, экологийн асуудал, улс төр, эдийн засаг, эрх, ёс суртахуун, шашин, шинжлэх ухаан, философи, шидэт домог. Техник, постмодерн соёл, соёлын ирээдүйн тухай үзэл баримтлалууд. Соёл ба уран сайхны соёл. Урлаг ба уран сайхны соёл, урлагийн тухай үзэл, урсгалууд. Соёл ба ардчилал, хүний эрх, эрх чөлөө.
Утга зохиол, урлаг судлал багш Л.Хэрлэн,Ш.Ариунаа,А.Одгэрэл: Соёл судлалын судлагаа нь хүн судлал, хүн төрөлхтний соёлын түүх, соёлын онол зэрэг өргөн хүрээг хамарсан судлагдахуун юм. Соёлын онолоор /cultural studies/, түүхээр /cultural history/, салбар шинжлэх ухааны бие даасан соёлын судлагдахуунуудаар / Cultural anthropology, archaeology, cultural region or cultural sphere/ задлан үздэг дэлхийн хэмээний олон их дээд сургуулиуд бий. Энэ хичээлээр ийм мэргэшсэн соёл судлаачдад зориулагдсан бус ерөнхий суурь боловсролд зориулагдсан соёл судлалын хичээлийг үзэхэд зориулагдсан болно. Хичээлийн зорилго нь хүн төрөлхтөний соёлын үүсэл хөгжил, соёл судлалын онолын үндсэн ойлголт мэдлэгтэй болох, соёлын түүхийн судлагдахуун нь урлагийн төрөл зүйлсийн 60-70%-ийг эзэлдэг учраас соёлын түүхэнээ хөгжиж уламжлагдаж ирсэн урлаг соёлын үнэт өв, дурсгалуудтай танилцах, соёлын хөгжилд гарсан урсгал чиглэл, нэрт төлөөлөгчдийн үзэл баримтлалууд, хөгжлийн зүй тогтлууд болон хувь хүний болоод нийгмийн харилцааны мөн чанар, хэлбэрүүд зэрэг цогц мэдлэгийг ерөнхий тойм байдлаар олгоход чиглэгдэнэ. Энэ хичээлийг үзэж судласнаар дэлхийн улс түмний соёлын ялгааг таниж мэдэх, монголын өв соёлыг сурч судлан бахархах, соёл судлал нь шинжлэх ухааны олон салбаруудтай холбоотой хөгжиж ирснийг ойлгож мэдсэнээрээ соёл болон тухайн шинжлэх ухааныг холбон гүнзгийрүүлэн судлахад чухал ач холбогдолтой болно. Философи, шашин судлалын тэнхим Т.Дорждагва, Д.Оюунгэрэл, Б.Мөнхжавхлан:Соёлын тухай онолын цэгцтэй ойлголтыг суралцагчдад өгч, тэдэнд хүмүүнлэг / хүнлэг чанар олгох, орчиндоо (байгаль, нийгэм, хүмүүст) төдийгүй, өөртөө ухаалаг, хүндэтгэлтэй хийгээд хүлээцтэй (tolerance) харьцах чадвар эзэмшүүлэх зорилготой.
Энэхүү хичээлээр энэтхэгийн философи дахь гол үзэл сургаалууд, тэдгээрийн онцлогийн талаар авч үзнэ. Энэтхэгийн үндсэн философи чиглэлүүд дэх бодит байдал буюу ахуйн тухай, мэдлэгийн төрлүүд, би буюу хүн, амьдралын утга учир, үхэл, дахин төрөл авахуй, зовлон, мунхаг байдал, майя, атман, брахман, чөлөөлөгдсөн байдал гэх мэт ойлголтуудын философи агуулгыг хамруулна.
Энэтхэгийн философи хичээлээр дамжуулан энэтхэгийн философи сэтгэлгээний гол эх сурвалж, соёл, сэтгэлгээний онцлог, гол онол, категориудын талаарх мэдлэг олгоно. Энэ хүрээнд ертөнц ба хүн, хүний амьдралын гол зорилго, түүнд хэрхэн хүрэх тухай, метафизик, эпистемологи, ёс зүйн үндсэн асуудлыг авч үзнэ. Энэтхэгийн философийг судалснаар онол, сургаалууд нь хэрхэн бүрэлдэж, нийгмийн, шашны, оюуны амьдралд нөлөөлсөн, философийн онолын хүрээнд хэрхэн боловсорсон талаар мэдлэгтэй болно. Ингэснээр оюутан тус хичээлээр олж авсан мэдлэгээ философийн ерөнхий онол болон өрнө дахины философи агуулгатай харьцуулах боломжтой. Мөн анхдагч болон хоёрдогч эх сурвалжуудад тулгуурлан философи үзлийг судалж энэтхэгийн идеалист, бясалгагч философи соёлын талаар харьцуулсан мэдлэгтэй болно. Оюутан нийгэм, хувь хүний амьдралын аливаа асуудлыг олон талаас нь авч үздэг байх, судалгааны эх сурвалжтай ажиллаж сурах, мэтгэлцэх тодорхой чадвар эзэмшинэ.