Бидний тухай
Багш ажилтан
Сүүлийн жилүүдэд тэгш хамруулах боловсролын асуудалд төр засгаас ихээхэн анхаарах болсон билээ. Бид энэ удаагийн илтгэлээрээ Японд аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдийн боловсролд хэрхэн анхаарч ирсэн, ямар арга хэмжээ авч өнөөгийн түвшинд хүрсэн зэрэг ололт амжилтаас нь санаа авах, суралцах зорилго тавьсан болно.
Сүүлийн жилүүдэд дэлхийн улс оронд боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхдийн тоо нэмэгдэж байгаа гэсэн эрдэмтдийн судалгаа байна. Эдгээр тусгай хэрэгцээтэй, хөгжлийн онцлогтой хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулан, үр дүнтэй сургах асуудал нэн чухал билээ. Ялангуяа хүүхдийн ялгаатай байдал, хөгжлийн онцлогийг бага балчир наснаас нь эрт илрүүлж, хөгжүүлэх нь маш чухал тул цэцэрлэг болон ЕБС- ийн багш нар энэ талаар мэдлэгтэй байх ёстой. Иймээс багш мэргэжлээр суралцаж буй оюутнууд боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхдийн онцлогийг мэдэж, тэдэнд дэмжлэг үзүүлэх арга зүйд зайлшгүй суралцах шаардлагатай тул бид энэхүү сэдвийг сонгож авсан юм.
Тэгш хамруулах боловсрол гэдэг нь хүүхэд бүрийн хувийн онцлог, хэрэгцээ, ялгаатай байдлыг харгалзан үзэж боловсролыг тэгш хүртээмжтэй олгох асуудал юм. Тэгш хамруулан сургах боловсрол нь зөвхөн тусгай хэрэгцээт боловсролын шинэчлэл биш бөгөөд албан болон албан бус боловсролын тогтолцооны шинэчлэл болно. Их дээд сургуульд багш мэргэжлээр суралцаж буй оюутнууд “Тэгш хамруулах боловсрол” хичээлийг зайлшгүй судлах шаардлагатай билээ. Учир нь оюутнууд төгсөөд ЕБС, цэцэрлэгүүдэд янз бүрийн хувийн онцлог, ялгаатай болон боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхдүүдтэй үр дүнтэй ажиллах хэрэгцээ, шаардлага өнөө үед бий болж байна. 2021 оноос “Тэгш хамруулах багшийн боловсрол” олон улсын хамтарсан төсөл МУБИС, Ховд их сургууль, Дорнод их сургууль дээр хэрэгжиж эхэлсэн. “Тэгш хамруулах багшийн боловсрол” төсөл нь багш бэлтгэдэг их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрийг “Тэгш хамруулах боловсрол”- ын үзэл баримтлал, онол практикийн агуулгаар баяжуулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой билээ. Энэ зорилтын хүрээнд манай сургуулийн багш мэргэжлийн хөтөлбөрт “Тэгш хамруулах боловсрол” хичээл нь багш боловсролын заавал судлах болон сонгон судлахаар тусгагдсан болно. Ийнхүү 2022-2023 оны хичээлийн жилийн I улирлаас сургуулийн өмнөх болон бага ангийн багшийн III курсийн оюутнуудад “Тэгш хамруулах боловсрол” хичээлийг орж эхэлсэн. Энэхүү хичээлийн хөтөлбөр, арга зүйгээ сайжруулах, шинэчлэх зорилгоор оюутнуудаас судалгаа авч, хичээлд орцын болон гарцын үнэлгээ хийж үр дүнг боловсруулж дүгнэлт гаргасан болно.
“Тэгш хамруулах боловсрол” гэдэг нь хүүхэд бүрийн хувийн онцлог, хэрэгцээ, ялгаатай байдлыг харгалзан үзэж боловсролыг тэгш хүртээмжтэй олгох асуудал билээ. Арьс өнгө, нас хүйс, үндэс угсаа, шашин шүтлэг, нийгмийн гарал үүсэл, хөгжлийн бэрхшээл зэргээс үл хамааран хүн бүр тэгш, чанартай боловсрол эзэмших эрхтэй. Тэгш хамруулан сургах боловсрол нь албан ба албан бус боловсролын орчинд суралцах хэрэгцээ шаардлагыг өргөн хүрээнд зохистойгоор хангах явдал бөгөөд багш нар болон суралцагчдын аль аль нь олон талт ялгаатай байдалд сэтгэл ханамжтай байх боломжийг бүрдүүлж, үүнийг асуудал гэж харахаасаа илүү суралцах орчинд тулгарч буй сорил, суралцах орчныг баяжуулж буй зүйл гэж харахыг зорих нь чухал юм.
Уг өгүүлэлд тэгш хамруулах боловсролын үндсэн үзэл санаа хийгээд Монгол, Япон хоёр оронд тэгш хамруулах боловсролыг хууль дүрэмдээ хэрхэн тусгаж, мөн энэ чиглэлээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж буйг авч үзэн, харьцуулахыг зорьсон болно.
Сүүлийн жилүүдэд тэгш хамруулан сургах боловсролын асуудалд дэлхийн олон улс орон анхаарлаа хандуулж байна. Тэгш хамруулан сургах боловсролыг зөвхөн тусгай хэрэгцээт боловсролын асуудал гэж ойлгох нь түгээмэл байдаг. Гэвч үүнд албан ба албан бус боловсрол ч багтдаг. Тэгш хамруулан сургах боловсролын эрх зүйн орчны тухай ойлголтод тэгш хамруулан сургах боловсролын үзэл санааг сургалтын практикт хэрэгжүүлэхэд чиглэгдсэн олон улсын конвенц, тунхаг бичиг, тухайн улсын боловсролын тухай хууль, журам бүхий эрх зүйн баримт бичиг дэх заалт шийдвэрүүд орно. Иймээс уг илтгэлд Монгол, Япон хоёр орны тэгш хамруулан сургах боловсролын эрх зүйн орчинд анализ хийж, харьцуулахыг зорилгоо болгосон.
Тэгш хамруулах гэдэг бол: Бүх хүнийг нийгмийн бүхий л салбарт чөлөөтэй, нээлттэй оролцох боломжоор хангах, боловсролын салбарт хүн бүрт хүртээмжтэй чанартай боловсролын үйлчилгээ үзүүлэх үйл явц гэж ойлгоно. Тэгш хамруулахын үндсэн үзэл санаа нь ялгаварлан гадуурхагдахын эсрэг чиглэгддэг бөгөөд дараах онцлог шинжүүдийг голлож үздэг. Үүнд: Хүмүүсийн ертөнцийг үзэх үзэл, шашны үзэл, хүйс, нийгмийн байдал, нас, соёл, арьсны өнгө, бэлгийн чиг баримжаа, бие эрхтэн, оюун ухааны чадвар алдалт, бусдаас ялгагдах онцлог зэргийг хэвийн үзэгдэл гэж тооцдог.