Бидний тухай
Багш ажилтан
Аливаа уран зохиолд дүрийн уламжлал шинэчлэл гэгч байдаг, тэр нь тухайн үндэстний уран зохиолын түүхийн хөгжлийн онцлог, тэнд холбогдох зохиолчид, холбогдох эх зохиолуудын туурвилзүйн асуудал зэргээр салбарлан үргэлжилж, судалгааны чигийг ч хандуулж явдаг. Бидний өмнө нь төдийлөн хандаж байгаагүй нэгэн дүрийн уламжлалын асуудлыг цаг үеийн онцлог мөчлөгт тулгуурлан, сонирхолтой жишээ баримтаар гэрч болгон, түүн дотроос тодорхой нэг зохиол буюу Дүгэржавын Маамын “Газар шороо” романы туурвил зүйн асуудал, дүрийн онцлог, энэ бүхний үндэс болсон зохиолчийн ертөнцийг үзэх үзэл, итгэл үнэмшил, үнэт зүйлийн тогтолцооны тухай товч боловч авч үзэв.
Монгол-Хятадын уран зохиолын харилцааны гол чиглэлийн нэг нь уран зохиолын орчуулгын харилцаа байдаг. Хятадын уран зохиолын монгол орчуулгын асуудал нь ач холбогдолтой зүйл болдог. Жишээлбэл Монгол-Хятадын уран зохиолын харилцаа, орчуулгын уран зохиолын салбарт Содбилэг нэг гол төлөөлөгч мөн. Хятадын уран зохиол, түүний гол нэгэн чиглэл болох Тан улсын уран зохиол, сонгодог яруу найргийн зохиолыг монгол хэлээр орчуулах, улмаар судлан сурвалжлах явдал зүй ёсны чухал. Үүнд тэмдэглэн үзэх ёстой орчуулагч бол Содбилэг мөн бөгөөд Тан улсын сонгодог яруу найргийг бараг анх удаа нэгдмэл байдлаар монгол хэлээр орчуулан, тэр нь монгол үсэг, кирилл монгол бичгээр хэвлэгдэн хүрч байснаараа яруу найргийн орчуулгын томоохон уламжлалд холбогдож буй юм.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Гомбожавын Мэнд-Ооёогийн яруу найргийн бүтээлийн туурвил зүй, ур чадварын асуудлыг авч үзсэн уг өгүүлэлд зохиолчийн яруу найргийн нийт бүтээлийг цаг хугацааны хувьд хамруулан, уран сайхны өсөлт хөгжилт, үнэт зүйл зэргийг авч үзсэн болно.
Өвөр монголын одоох үе буюу 1980-аад оны үргэлжилсэн үгийн төрөл зүйлийн гол төлөөлөгч Мандмуйн Монгол улсад хэвлэгдсэн туужийн түүвэрт буй “Агт үүрсэж, ноход хуцаад хүн уйлна” /1992/ нэртэй тууж дүрслэлийн хувьд домог зүй, бэлгэдэл зүйн дүрслэл, зохиомж зэргээр онцлогтой байна. Энэ дүрслэл, энэ тууж, энэ түүвэр бүхэлдээ нэг талаар Мандуй зохиолчийн үзэл сэтгэлэг, ертөнцийг үзэх ойлголтыг харуулахын зэрэгцээ нөгөө талаар монголчуудын, монгол туургатны, Өвөр монголын үргэлжилсэн үгийн зохиол, туужийн төрөл зүйлийн туурвилзүйн онцлог шинжийг илэрхийлж чадна гэж бодож байна. Өөрөөр хэлбэл тодорхой нэгэн сэдвийг нэгэн хувь зохиолч хэрхэн илэрхийлсэн гэхээсээ илүү монгол үндэстэн, тэр дундаа монгол туургатан өөрөөр хэлбэл өөр бусад соёл иргэншлийн дэргэдэх нүүдэлчин соёл, тэдний зэрэгцэн оршиж буй нөхцөл, үүдэн гарах зөрчил, энэ байдал дахь эерэг сөрөг тал зэргийг илүүтэй ялган харах боломжтойн хувьд хамаагүй илүү сонирхолтой.
Монголын уран зохиолд буриад зоны энэхүү түүхэн хэрэг явдлыг үзүүлэх тал нэгдүгээрт тийм өргөн хүрээнд биш, хоёрдугаарт үзүүлсэн зүйлүүд нь ихэвчлэн нэг л агуулгаар илэрхийлж ирсэн байдаг. Харин Чимидийн Гомбын кино зохиол зөвхөн кино зохиол талаасаа ч биш, нийт утга зохиолын хувьд нэн сонирхолтой болсныг хэлэх ёстой. Уран сайхны аргын хувьд Онон мөрөн, морь-хүн, байгаль-хүн, ардын өв соёл, биет бус өв, зан үйл, ёс заншил, хэл аялгуу зэргийг энд онцгойлон тэмдэглэх хэрэгтэй.
М.Ядамсүрэнгийн туулсан амьдрал, сурсан боловсрол, харсан нийгэм, болгоосон эрдэм, хэлхсэн зохиол, өгүүлсэн бичиг сэлт бүхэлдээ тун ч багахан цагт өрнөсөн хэдий ч, нэн өргөн уудам орон зайд яригддагийг энэ бүхэн хэлж байна. Уран сайхны зохиолын хувьд гэхэд 1930-аад оны эхэн үеэс, мэдэгдэж буй баримтаар 1931 онд анхны шүлгийн зохиол хэвлэгдсэнээс 1937 оныг хүртэл буюу насан эцэслэх хүртлээ яруу найраг, үргэлжилсэн үг, жүжиг, шүүмж, тэмдэглэл, найруулал, сурталчилгааны өгүүлэл зэрэг төрөл, хэлбэрээр бүтээсэн өв үлдээжээ. Зарим бүтээл нь олдоогүй, зохиогчийн эх бичиг нь нэлээд нь байхгүй, харин сэрүүн ахуйд нь хэвлэгдсэн зүйл багагүй байгаа учир эдгээрийг тэрхүү хэвлэл, сүүлд эмхэтгэсэн түүвэр сэлтээр нь баримжаа болгон авч туурвилзүйн асуудлыг задлан үзэх бас ч гэж боломжтой.
XX зууны монголын уран зохиолын хөгжилд тодорхой уран бүтээлээрээ байр суурь эзэлдэг уран бүтээлч бол П.Лувсанцэрэн. 1960-аад оны шинэчлэлийг гардан бүтээсэн учир ингэж бичигдэж буй юм аа. Туужийн төрөлд Дэмбээгийн Мягмар, найраглалын төрөлд Дэндэвийн Пүрэвдорж нарын нэрийг энэ шинэчлэлд хамаатуулан хэлдэг бол өгүүллэгийн төрөлд Пэрэнлэйн Лувсанцэрэн хэмээх нэр мөн бичигдэнэ. Эд бүгд 1933 онд төржээ.
1960-аад оны монголын нийгмийн, урлаг соёлын, утга зохиолын шинэчлэх их үйл явц, нийгмийн эерэг сөрөг, эрээн бараан бүгд нийлж байж Нямбуугийн Нямдоржийг бүтээж бий болгосныг ийнхүү өгүүлж болно. Нөгөөтэйгүүр Нямбуугийн Нямдоржийн үзсэн туулсан амьдрал, угсаатан ястны бүлэг, өвөг дээдсийн үүх түүх, яруу найргийн сэтгэлгээ бүхэлдээ нийлээд XX зууны яруу найргийн нэгэн онцгой цаг үе, шилжилт хөдөлгөөнийг мөн барьж босгосныг энэ бүхнээс харж болж байна. Манай уран зохиол, яруу найргийн ертөнцийн ердөө хуруу дарам яригдах шинэчлэлийн он цагт амьдрах нэг хэрэг, тэрхүү шинэчлэлийг гардан бүтээлцэнэ гэдэг бас нэгэн хэрэг юм.
XX зууны монголын олон хувьсгал, дайны хөл үймээн дунд явагдсан асар том шилжилт хөдөлгөөн бол соёл иргэншлийн хөдөлгөөн байсан юм. Тэрхүү өөрчлөлт бидний бүхэл бүтэн хэдэн үеийн амь, амьдрал, сэтгэл санааны өртгөөр бүрэлдэн бий болсныг мартах учиргүй. Ийм л түүхийг уран сайхын дүрүүдээрээ бүтээж, бүтээхийг зорьж байсан эрхэм бол Дэмбээгийн Мягмар, эргээд түүний жүжгийн зохиолуудыг ажиглахад, дүрүүдийн амьдралыг харахад шинэ соёл иргэншил, шинэ үнэт зүйл, хамтын амьдрал, хотын соёл, хамтын үзэл санаа, нийтийн эрх ашиг ямар байдаг вэ, яаж бүрэлдэж бий болсон тухай тэр л түүх болж таарч байгаа юм. Ийм учираар монголын жүжгийн зохиолын төрөл зүйл дэх, 1970-1980 хэдэн оны уран зохиол дахь, Дэмбээгийн Мягмарын жүжгийн зохиол дахь, жүжгийн зохиолоороо бүтээсэн дүрийн соёл иргэншлийн шилжилт хөдөлгөөн хэмээн онцлон хэлж байгаа хэрэг.
Урын сангийн он дарааллын бичиг гэж даруухнаар нэрлэсэн энэ шастир он онд болсон урын сангийн баяжилт, түүний бүтэж бий болох үйл явц, бэрхшээл саад, амжилт ололт, онцлон тэмдэглэх зүйл зэргийг өөрийн эх сурвалж, хэрэглэхүүний хэмжээнд боловсруулж, ингэхдээ театрын түүхэд холбогдох гадаад дотоодын 70 орчим эрхмийн бүтээл туурвил, намтрын зүйлс, мөн тодорхой онцгой гэсэн зарим жүжгийн зохиолын шүүмжээр баяжуулан дэлгэрүүлж өгснөөр манай театр, түүний хөгжлийн түүхийн ойлголт авч чадахуйц болсон билээ.
1970 оноос эхлээд өнөөг хүртэл бичсэн зохиолчийн өгүүллэгийн төрөл зүйлд тасралтгүй хадгалагдаж ирсэн, гэхдээ тухай бүр өөр өөр агуулга сэдэв, бүтэц, хэлбэрээр баяжиж ирсэн нэг ийм арга барилын тухай хөндөж байгааг. Энэ бол бидний ярьж буй зохиолчийн өгүүллэгт байх онцгой нэгэн хэлбэр юм. Энэ бол бидний хөндөн буй зохиолчийн цаг үеийн өгүүллэгийн төрөл зүйлд ажиглагдах онцгой сонирхолтой нэгэн ур чадвар мөн юм.
Уран зохиолын аргын тухай, монголын орчин үеийн уран зохиолд түүний эрэл туршилт хэрхэн явагдсан тухай, ерөөсөө тодорхой нэг зохиолчийн аргын сонирхолтой илрэл хаана хэрхэн үзэгдсэн тухай энд авч үзэхийг зорив. Монголын орчин үеийн уран зохиолд уран сайхны аргын эрэл хайгуул, туршилтын хувьд хамгийн өвөрмөц онцлогтой үеийг гарцаа байхгүй 1920-1930 хэдэн оны энэ л түүхтэй холбон ойлгодог. Дорно, өрнийн соёлын харилцаа холбоо аль аль нь сонирхолтойгоор зэрэгцэн илэрч, үүний дотор өөрийн үндэсний уран сайхны арга зарчмыг тогтоохын төлөөх эрэлхийллийн цаг үе энд л хамгийн тод байсан юм.
Л.К.Герасимовичийн дэвшүүлсэн үечлэлийн үзэл баримтлал, ангилал, үечлэл илүү гүн гүнзгий байр суурьтай байгаагийн учир нь нэгдүгээрт монголын XX зууны уран зохиолын түүх өөрөө нийгэм, түүхэн хөгжил, хувьсал өөрчлөлт, үйл явцтай шууд уялдаж ирсэн, түүний үзэл баримтлал, үнэт зүйл, гүн ухааны үндэс сэлт нь эхлээд нийгмийн хүрээнд дэвшүүлэгдэн, улмаар салаа салбар бүртээ үйлчилж ирсэн тэр л онцлогоос үүдсэн, нөгөө талаар чухам энэ онцлог өвөрмөц талыг нь олж харж чадсан, түүнд нь уялдуулан авч үзсэнээр бодитойгоор үнэлж дүгнэх боломжтой гэдгийг гэрчилсэн судлаачийн гярхай хараа, мэдрэмж, чадвартай шууд холбоотой гэсэн үг.
Монголын орчин үеийн уран зохиолын түүхийн нэг сонирхолтой тал бол утга зохиолын үндсэн төрөл зүйл болон түүнд багтах зүйлүүд үүсэн хөгжихдөө янз бүрийн замаар явж ирсэнд бий. Жишээлбэл өөр өөр цаг үед, тодорхой уран бүтээлчдийн уран сайхны сэтгэлгээний илрэл болж байсан, ингэхдээ мэдээж нийгэм түүх, цаг үеийн шууд болон шууд бус нөлөөлөл, харилцаа холбооны тодорхой үр дүнг илтгэж иржээ. Түүн дотор уран зохиолын төрөл зүйл бүр хөгжлийн урт бас харьцангуй бага хөгжлийн түүхийг илтгэж буй нь бас л олон шалгаан нөлөөний асуудал болоод ирнэ. Энд тодорхой хувь зохиолч, түүний уран бүтээлийн өв сан, тэнд гол байр суурь эзлэх зохиолын төрөл зүйлийн асуудал, тэрхүү асуудлаар дамжуулаад ерөөсөө манай орчин үеийн уран зохиолын түүхийн тодорхой нэг төрөл зүйлийн хөгжлийн асуудлыг ярих боломжтойгоор барахгүй бүр шаардлагатай гэхнээ болно. 1960 хэдэн оны туурвилзүйн шинэчлэл, найраглалын төрөл зүйлийн уран сайхны хөгжил, хөгжлийн оргил үе, бие даасан төлөөлөгч, Дэндэвийн Пүрэвдорж зэрэг ойлголт биенээ нөхөж тодруулж чадах, бүхэл болон тусгайн хэлхээг илэрхийлэх боломжтой юм.