Бидний тухай
Багш ажилтан
В статье предлагается новый взгляд на историю конституционного строительства Монголии. Путь создания первой писаной Конституции Монголии был полон драматизма и преодоления различных препятствий. Новый подход к понятию конституции, осознание многообразия ее форм позволяют отразить полноту политических, идейных, правовых и нравственных факторов, влиявших на исторический выбор пути развития монгольской государственности и права. В настоящей работе показано, как монголы стремились создать и закрепить ряд законодательных актов с целью реализовать неунифицированную Конституцию, основанную на определенных юридических фактах. При этом проанализировано содержание этих документов и предпринята попытка объяснить их с точки зрения природы и идеалов конституции. Главной целью автора является добавить к устоявшемуся среди исследователей мнению новую идею и начать дискуссию.
Монголын Үндсэн хуулийн хөгжлийн түүхийн талаар бичсэн олонх бүтээлд Монгол Улс нь түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулийг батлан дагаж мөрдөж байсан хэмээн бичиж тэмдэглэсээр ирсэн нь түгээмэл. Үндсэн хууль гэх баримт бичигтэй байх, Үндсэн хуультай байх гэдэг нь ялгаатай ойлголт, энэ үүднээс харвал Монгол Улс нь нэг л Үндсэн хуультай, тэр нь 1992 оны ардчилсан Үндсэн хууль мөн гэх байр суурь ч бий. Үүнд үндэслэн социалист тогтолцооны үед үйлчилж байсан Үндсэн хуулиудыг Үндсэн хууль биш гэж үгүйсгэх хандлага нэг бус ажиглагддаг. Мөн түүнээс өмнөх үед Үндсэн хуулийн шинжтэй эрх зүйн актууд батлагдан хэрэгжиж байсан тухай судлаачдын бүтээлд дурдагддаг боловч энэ тухайд нарийвчилсан судалгаа цөөн байна. Иймд тус өгүүлэлд Монголын Үндсэн хуулийн хөгжлийн түүхийн асуудлыг тоймлон дурдаж, түүний нэг үе шат буюу Монгол Улсад нэгдмэл бус Үндсэн хууль үйлчилж байсан эсэх асуудлыг шинжлэх зорилго тавьсан болно. Энэ тухайд буюу нэгдмэл бус Үндсэн хуулийн талаар монголын хуульч эрдэмтэд өмнө нь хөндөж байгаагүй юм. Монгол Улс нэгдмэл бус Үндсэн хуулийг тогтоон хэрэгжүүлснийг тодорхой эрх зүйн актуудаар нотлон гаргахыг эрмэлзэж, үүний хүрээнд тэдгээр баримт бичгийн агуулгад дүн шинжилгээ хийж, Үндсэн хуулийн мөн чанар, үзэл санааны үүднээс нотлох оролдлого хийлээ. Үүний үр дүнд судлаачдын дунд тогтсон үзэл хандлагад нэгэн шинэ санааг нэмэрлэн, хэлэлцүүлэг өрнүүлэхийг чухалчлав.
Улс үндэстнүүдийн эрх зүйн тогтолцооны ижил төстэй шинжийг үндэслэн эрх зүйн бүлд хуваан авч үзэх хандлага тогтоод нэлээд хугацааг үджээ. Эрх зүйн түүх судлалын үүднээс үзвэл харьцуулсан эрх зүй судлаачдын бий болгосон дэлхийн эрх зүйн бүлүүдийн ангилалд Монголын эрх зүйн бүлийг хамааруулж авч үзсэн нь тун цөөн буюу бараг үгүй гэж хэлж болохоор байна. Монголын эрх зүйн бүл байсан эсэх тухай гаднын ганц нэг судлаачдыг эс тооцвол энэ хэр судалсангүй. Арьс өнгө, хэл зүй, үндэстний шалгуураар ангилах саналыг гаргасан Саузер Холл тэрхүү шалгууртаа үндэслэн Монголын эрх зүйн бие даасан бүл байсан тухай анх хөндсөн боловч нарийвчлан судлаагүй юм. Үүнээс бүр өмнө П.А.Фэйрбах нүүдэлчин угсаатнуудын бүл байсан, түүнд Монголын эрх зүйг хамааруулсан тухай мэдээлсэн боловч мөн л дэлгэрэнгүй судалгаа хийгээгүй бололтой байдаг. Иймд эл өгүүлэлд Монголын эрх зүйн бүлийн асуудлыг хөндөж, тэр нь дэлхийн эрх зүйн бүлийн бусад бүлтэй адил нэг гишүүн нь мөн эсэх тухай нарийвчлан судалж, бие даасан эрх зүйн бүлийн шалгуур болон бусад хэд хэдэн үндэслэлээр нотлох оролдлого хийсэн болно. Үүний үр дүнд эртний монголын үе болон монголчууд дэлхийн энх төрийн бодлого (Pax Mongolica)-ыг тодорхойлж байсан үе буюу XIII зууны үеийн Монголын эрх зүй нь бие даасан эрх зүйн бүл байж, түүний хүрээнд Монголын эрх зүй, эрх тогтолцоог бүрдүүлэн хөгжиж байсан гэсэн дүгнэлтэд хүрэв. Иймд дэлхийн эрх бүлийн түүхийн хүрээнд Монголын эрх зүйн бүлийн зохих байр суурийг эзлүүлэх шаардлагатай гэсэн саналыг дэвшүүлж байна.
Өгүүлэлд Монгол Улс нэгдмэл бус Үндсэн хуулийг тогтоон хэрэгжүүлснийг тодорхой эрх зүйн баримтад түшиглэн гаргахыг эрмэлзэв. Ингэхдээ тэдгээр баримт бичгийн агуулгад дүн шинжилгээ хийж, Үндсэн хуулийн мөн чанар, үзэл санааны үүднээс тайлбарлах оролдлого хийлээ. Үүний үр дүнд судлаачдын дунд тогтсон үзэл хандлагад нэгэн шинэ санааг нэмэрлэн, хэлэлцүүлэг өрнүүлэхийг гол зорилго болгов.
Өгүүллийн хүрээнд хоёр асуудлыг судлаачдын анхааралд хүргэхийг хүсэж байна. Нэгдүгээрт Pax Mongolica буюу Монголын энх төрийн асуудлыг монгол хууль цаазын эх сурвалжийн жишээний хүрээнд гаргаж өөрийн байр суурийг дэвшүүлэх бөгөөд ингэхдээ маш товчхон авч үзнэ. Хоёрдугаарт дэлхийн эрх зүйн бүлийн түүхийн хүрээнд монголын эрх зүйн бүлийн зохих байр суурийг эзлүүлэх ёстой юм байна гэж үзэж буй бөгөөд түүнийгээ нотлох оролдлого хийнэ. Өөрөөр хэлбэл харьцуулсан эрх зүйн судалгааны хүрээнд Монголын эрх зүйн бүлийн асуудлыг шинээр хөндөж, судлаачдын анхаарлыг энэ зүгт хандуулна. Өгүүллийн гол хэсэг тул энэ тухайд бага зэрэг дэлгэрэнгүй дурдана. Эцэст нь судалгааны үр дүнд хүрсэн дүгнэлтээ танилцуулж, Pax Mongolica гэдэг энэ ойлголт эрх зүйн тогтолцоо, бүлийн асуудалтай яагаад холбогдсон талаар цухас хөндөнө.
Эрх зүйн түүх судлал нь бусад салбар эрх зүйн судлагдахуунтай харьцуулбал харьцангуй бага судлагдсан байдаг. Гэсэн хэдий ч энэ чиглэлийн судалгаа тасралтгүй хийгдсээр байна. Тийм ч учраас эрх зүйн түүх судлал нь хууль зүйн шинжлэх ухааны бусад суурь салбарын нэгэн адил тэргүүлэх ач холбогдолтой хэвээр байгаа билээ. Тус өгүүлэлд эрх зүйн түүхийн сургалт-судалгааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудлыг тодорхойлж, эрх зүйн түүх судлалын үр дүн, эрх зүйн түүх судлалд МУИС-ийн эрдэмтэн багш нарын оруулсан хувь нэмэр, үүрэг оролцоог тодруулж, цаашдын зорилго, анхаарууштай асуудлыг хөндсөн болно.
Монгол Улс дахь хууль тогтоомжийн системчлэлийн түүхэн уламжлалыг улируулан судалсан нь цөөн ажээ. Хууль тогтоомжийн системчлэлийн талаарх, ялангуяа энэ талаар тухайлан бичсэн судлаачдын бүтээлд Монгол Улс дахь хууль тогтоомжийн системчлэлийн түүх, түүний үе шат, арга, хэлбэрүүдийг өөр өөрөөр тайлбарлан бичсэн нь энэ талын судалгаа хийгээд ойлголт бүрэн төлөвшөөгүй байгааг илтгэж байна. Монгол Улс дахь хууль тогтоомжийн системчлэл, түүний агуулга, арга хэлбэр, түүхийг судалж, тулгамдсан асуудлыг тодруулах, хууль тогтоомжийн системчлэлийн агуулга, үнэт зүйл, соёлыг уламжлан хөгжүүлэх, цаашилбал өнөөгийн хууль тогтоох үйл ажиллагаанд хэрэгжүүлэх явдал чухал байна. Иймээс Монгол Улс дахь хууль тогтоомжийн системчлэл, түүний агуулга, арга, түүхэн уламжлалыг судлах оролдлого хийв.
Ямар ч алдаа гардаггүй ажиллагаа, үүний дотор шүүхийн ажиллагаа байдаггүй. Энэ бодит байдлыг хүлээн зөвшөөрөх нь алдааг өөрийг нь хүлээн зөвшөөрөх гэсэн үг биш юм. Улмаар алдааг байх ёстой зүйл, түүнийг багасгах, түүнтэй тэмцэх шаардлагагүй гэж үзэж болохгүй. Харин ч дээд шатны шүүхээс доод шатны шүүхийн шийдвэрийг хянах боломжийг хуулиар олгож байгаа нь шүүхийн алдааг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хууль тогтоогчийн санаа юм. Гэтэл анхан шатны шүүхийн алдааг залруулах, шаардлагатай бол тухайн процесс ажиллагааг нөхөн гүйцэтгүүлэх байдлаар хяналт хэрэгжүүлэх ёстой дээд шатны шүүх эл үүргээ буруугаар ашиглан анхан шатны шүүхийн эрх хэмжээнд халдаж, анхан шатны шүүхийн шүүгчийн чиг үүргийг хэрэгжүүлж буй байдлыг шүүхийн практикт үндэслэн хөндөх замаар захиргааны процесс хуулийн хэрэглээний асуудлыг хөндөж, шийдвэрлэх арга замыг тодорхойлохыг оролдлоо.
Хууль тогтоомж гэдэг нэр томьёоны ухагдахууныг хэрхэн тодорхойлсон байна вэ, судлаачдын бүтээлд, хууль зүйн болон монгол хэлний тайлбар толь бичгүүдэд хэрхэн оноосон, тайлбарласан, хуульд яаж хуульчилсан, хууль хэрэглээнд хэрхэн ойлгож хэрэглэж бна вэ гэдгийг тодруулах, тэр нь нэгдмэл, нэгдмэл бус юм уу, хэрэв нэгдмэл бус бол үүнээс үүдэн гарах сөрөг үр дагавар нь юу байж болох вэ гэх зэргийг эл илтгэлээр тодруулахыг зорилоо.
Монгол Улсын Үндсэн хуульд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу хийгдэж буй эрх зүйн шинэтгэлийн шинэ үе шатанд шүүгчийн хариуцлагыг сайжруулах нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан хийх эрх зүйн шинэтгэл нь шүүгчийн хараат бус (хууль, хууль зүйн шинжлэх ухаанд тулгуурлан шударгаар хянан шийдвэрлэх), шүүхийн бие даасан байдлыг хангах явдалд чиглэх нь чухал билээ. Энэхүү судалгаагаар 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулиар шүүгчид мэргэжлийн хариуцлага хүлээлгэх асуудлыг захиргааны байгууллагын сонгох боломж (шийдвэр гаргах орон зай)-ийн жишээ дээр авч үзсэн болно.
Орчин үед дагаж мөрдөж буй хууль тогтоомжийг бүх талаас нь дахин боловсруулах ба тэдгээрт шинэ нэн чухал өөрчлөлт оруулах замаар эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актыг шинээр бий болгох, системчлэх талаарх эрх зүй бүтээх төрийн байгууллагын үйл ажиллагааг кодификация буюу төрөлжүүлэн нэгтгэлт хэмээн нэрлэж, энэ нь өдгөө дэлхийн улс орнуудын хууль тогтоомжийг бүлэглэн ангилах гол шалгуур болсон хэвээр байна. Монголчууд XX зууны эхэнд тусгаар тогтнолоо сэргээсний дараа Манж Чин улсын төр, эрх зүйн тогтолцоог халах, тухайн үед дагаж мөрдөж байсан манжийн хууль тогтоомжийг хүчингүй болгон, өөрийн үндэсний онцлогийг тусгасан эрх зүйн тогтолцоотой болох, үүгээрээ тусгаар улс гэдгээ баталгаажуулах зэрэг олон зүйл зорилтыг дэвшүүлэн тавьж байв. Үүний үр дүнд 1911 оны 12 дугаар сарын 29-нд Богд Жавзандамба хутагтыг улсын хаанд өргөмжилж, Богд хааны зарлигаар Монгол Улсын таван яамыг, 1914 онд Улсын дээд, доод хурлыг, тэрчлэн аймаг хошуудын хурал, яам, тамгын газар, отог, аравны захиргаад, мөн шүүх, цэрэг, цагдаагийн тогтолцоог байгуулж, улмаар 1919 он гэхэд Зарлигаар тогтоосон Монгол Улсын Хууль зүйлийн бичиг хэмээх 65 дэвтэр төрөлжүүлэн нэгтгэсэн суурь хуулийг эцэслэн баталж, түүнийгээ үндсэн эх сурвалжаа болгон, эрх зүйн шинэ тогтолцоог бүрдүүлсэн юм. Монгол Улс дахь хууль тогтоомжийн системчлэлийн түүхийг судлах нь өдгөө ихээхэн сонирхолтой, бас онц ач холбогдолтой. Энэ талаар судалсан эрдэмтдийн ихэнх нь зөвхөн орчин үеийн асуудлыг хөндөн судалсан, эсхүл түүхийн асуудлыг тодруулан судалгаа хийсэн судлаачдын зарим нь энэ үеийг хамруулан судлалгүй, тойрч өнгөрсөн нь ажиглагддаг. Иймээс Монголчууд тусгаар тогтнолоо сэргээсний дараахнаас хууль тогтоомжийн шинэтгэлийн эхлэлийг тавьж, үүнийхээ хүрээнд Зарлигаар тогтоосон Монгол Улсын Хууль зүйлийн бичгийг баталж, дагаж мөрдүүлсэн нь Манжийн хуулийг шууд хуулбарласан хэрэг байв уу, эсхүл хууль тогтоомжийн кодификацжуулалтын үр дүнд бий болсон үндэсний онцлогийг шингээсэн бие даасан хууль бүтээсэн үү гэдгийг тодруулахад чухал ач холбогдолтой. Эл өгүүлэлд тус Хууль зүйлийн бичиг хууль тогтоомжийн кодификацжуулалтын үр дүнд бий болсон төрөлжүүлэн хуульчилсан нэгдмэл акт мөн үү гэдэг асуудлыг тодруулан авч үзсэн болно.
1911 оны 12 дугаар сарын 29-нд Богд Жавзандамба хутагтыг улсын хаанд өргөмжилж, Богд хааны зарлигаар Монгол Улсын таван яамыг, 1914 онд Улсын дээд, доод хурлыг, тэрчлэн аймаг хошуудын хурал, яам, тамгын газар, отог, аравны захиргаад, мөн шүүх, цэрэг, цагдаагийн тогтолцоог байгуулж, улмаар 1919 он гэхэд Зарлигаар тогтоосон Монгол Улсын Хууль зүйлийн бичиг хэмээх 65 дэвтэр төрөлжүүлэн нэгтгэсэн суурь хуулийг эцэслэн баталж, түүнийгээ үндсэн эх сурвалжаа болгон, эрх зүйн шинэ тогтолцоог бүрдүүлсэн байна. Ийнхүү Зарлигаар тогтоосон Монгол Улсын Хууль зүйлийн бичгийг хэлэлцэн баталж, дагаж мөрдүүлснээр тухайн үед хууль тогтоомжийн шинэтгэлийн эхлэлийг тавьснаас гадна төрийн байгууллагын бүтэц, эрх хэмжээ, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага, түшмэлийн зэрэг дэв, цалин пүнлүү, хүү сан, цэрэг, ёслол, эрүү, иргэний зэрэг олон асуудлыг нарийвчлан зохицуулж, түүнийгээ тодорхой салбар бүрээр нь дэвтэрт эмхэтгэн, Улсын хурлаар дэвтэр дэвтрээр нь хэлэлцэн баталж, дагаж мөрдүүлсэн нь Монгол Улсад хууль тогтоомжийн кодификацжуулалтын анхны оролдлого, түүхэн эхлэлийг тавьжээ.
Монголчуудын бие даан боловсруулсан Ж.Цэвээнийн боловсруулсан Үндсэн хуулийн төсөл, Д.Бодоо боловсруулсан байж магадгүй Үндсэн хуулийн төсөл, мөн Богд хааны зарлигаар боловсруулсан бас нэг Үндсэн хуулийн төсөл хийгээд гадаад улсын Үндсэн хуулийн орчуулгууд, мөн Монгол дахь харьцуулсан Үндсэн хуулийн эрх зүйн анхны судалгаа болох Улсын эрх хэмээх бүтээлийн талаар судалгаа хийж, зохих үнэлэлт дүгнэлт хийв.
Монголчууд 1911 онд тусгаар тогтнолоо сэргээсний дараахнаас үндсэн хуульт ёс, парламентат ёс, бүгд найрамдах засгийн үзэл санааг сонирхон судалж, улмаар монголын ирээдүйн хөгжлийн төлөвийг ихээхэн өөдрөгөөр төсөөлөн эргэцүүлж байв. Үүний хүрээнд олон зүйл санал, санаачилга өрнүүлсний нэг нь монголын бичгийн мэргэд, дэвшилт үзэлтэй сэхээтнүүд гаднын ямар ч оролцоо дэмжлэггүйгээр хэд хэдэн Үндсэн хуулийн төсөл боловсруулсан явдал юм. Тухайлбал, Ж.Цэвээнийн боловсруулсан Үндсэн хуулийн төсөл хийгээд Д.Бодоо боловсруулсан байж магадгүй Үндсэн хуулийн төсөл, мөн Богд хааны зарлигаар боловсруулсан бас нэг Үндсэн хуулийн төслийг дурдаж болно. Иймд эл өгүүлэлд дээр дурдсан Үндсэн хуулийн төслүүд болон гадаад улсын Үндсэн хуулийн орчуулгууд, мөн Монгол дахь харьцуулсан Үндсэн хуулийн эрх зүйн анхны судалгаа болох Улсын эрх хэмээх бүтээлийн талаар тодруулан авч үзсэн болно.
Монгол Улсад чуулганы хуралдааны дэгийн үүсэл хэдийд тавигдаж бий болсон тухай асуудал ихээхэн бүрхэг бөгөөд энэ талаарх судалгаа төдийлөн элбэг биш. Ялангуяа 1990 оноос өмнөх түүхэн судалгаа огт үгүй байна. Иймд бид энэхүү судалгаагаар Монгол Улсын хурлын байгууллага (чуулган)-ын хуралдааны дэгийн үүсэл, хөгжлийн асуудлыг хурлын байгууллагын өөрийнх нь хөгжлийн зүй тогтолтой уялдуулан авч үзсэн болно. Тодруулбал, нэн эртний буюу овгийн байгууллын үеийн “нөхөд”, “эе”, Хүннүгийн үеийн “хорин дөрвийн зөвлөл”, “хуралдаан”, “эелэлдээн”, Их Монгол улсын үеийн “Их хурaлдай”, умард Юан болон бага хаадын үеийн “ноёдын чуулган”, Манжийн эрхшээлийн үеийн “аймгийн чуулган” (“хошуу чуулган”, “монгол чуулган”) хийгээд хэмжээгүй эрхт Богд хаант Монгол Улсын үеийн Улсын дээд, доод хурал, хэмжээт эрхт Богд хаант Монгол улсын үеийн Улсын түр цагийн хурал, 1924-1992 онд үйлчилж байсан гурван Үндсэн хуулийн үеийн хууль тогтоох байгууллага болох Улсын Их Хурал, Улсын Бага Хурал, Ардын Их Хурал, Байнгын ажиллагаатай парламент, 1992 оны Үндсэн хууль, бусад хуулиар тодорхойлсон Улсын Их хурлын статус, эдгээрийн Дэгийн эрх зүйн зохицуулалтыг судлан тодруулж, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, зохих дүгнэлт хийв.
Эрх зүйн түүх судлалд уламжлалт хууль цаазын эх сурвалжийн суурь судалгаа нэн чухал байр суурь эзэлдэг. Өөрөөр хэлбэл, эрх зүйн хөгжлийн түүхийг тодорхойлоход эх сурвалжийн судалгаа гол хүчин зүйл болох ба түүнгүйгээр эрх зүйн түүх судлалын хөгжийн чиг хандлагыг тодорхойлох бололцоогүй юм. Нөгөөтээгүүр эх сурвалжийн суурь судалгаанд тулгуурлаж байж сая эрх зүйн нарийвчилсан судалгааг хийх боломж бүрддэг. Иймээс энэ илтгэлээр эрх зүйн түүх судлалд сурвалж судлал, эх бичиг судлал зэрэг бусад салбар ухааны эзлэх байр суурийг тодруулж, монголын уламжлалт хууль цаазын судалгааны үр дүн, хүрсэн түвшнийг үнэлж, хууль цаазын эх сурвалжийн суурь судалгаанд анхаарууштай цөөн асуудлыг хөндөж, эрх зүйн түүх судлалын өнөөгийн хандлага, тулгамдсан асуудлыг тодорхойлж, өөрийн саналыг танилцуулна.
Өдгөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудал улс төрчид, судлаачид, олон нийтийн дунд өргөн хүрээнд яригдаж, хэлэлцүүлгийн гол сэдэв болж байна. Үндсэн хуулийн эрх зүйд Үндсэн хуульд тавих нийтлэг шаардлага (агуулга, хэлбэр, процедурын)-ыг тогтоож өгсөн байдаг. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төслийг боловсруулахдаа тухайн шаардлагатай ягштал нийцүүлэх нь хууль тогтоогчдын гол үүрэг юм. Энэ өгүүлэлд монголчуудын өмнөх тогтолцоонд дагаж мөрдсөн 1924, 1940, 1960 оны Үндсэн хууль болон 1992 оны ардчилсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан түүхийн асуудлыг хөндөж, тэдгээрт нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хууль тогтоогчид ямар алдаа гаргасан бэ гэдгийг баримтаар нотлох оролдлого хийв. Ингэхдээ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад тавих хэлбэрийн болон процедурын зарим шаардлагыг гол үндэслэгээ болгосон. Улмаар өдгөө яригдаж буй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулахдаа ямар асуудалд анхаарах шаардлагатай вэ гэдгийг түүхэн сургамжаар сануулахыг оролдлоо. Улс орны амин чухал, тэр дундаа Үндсэн хуулийн асуудалд судалгаатай хандах, эрдэмтэд судлаачдын (ялангуяа Үндсэн хуулийн эрх зүйгээр мэргэшсэн) судалгааны үр дүнг зайлшгүй харгалзан үзэх, өнгөрсөн алдааг давтахгүй байх, хууль дээдлэх ёсыг чанд баримтлах нь хууль тогтоогчдын нэн тулгамдсан зорилт мөн.
Эрх зүйн хэм хэмжээг бүтээхэд хууль зүйн техникийн хувьд тодорхой шаардлагыг баримталдаг. Ийнхүү зохих шаардлага тавих нь тухайн эрх зүйн хэм хэмжээ хүний эрх, эрх чөлөөг санаатай, санамсаргүй байдлаар зөрчихөөс сэргийлнэ. Өөрөөр хэлбэл, эрх зүйн хэм хэмжээний акт (хууль, тогтоол зэрэг) нь тодорхой шаардлагын дагуу бүтээгдсэнээрээ хүний эрх, эрх чөлөөг зөрчих байдлыг багасгах боломж, нөхцөлийг бүрдүүлнэ. Хууль зүйн техникийн хувьд эрх зүйн хэм хэмжээний актад агуулгын (substantive) болон хэлбэрийн (procedure) шаардлагыг тавьдаг. Энэхүү өгүүлэлд эрх зүйн хэм хэмжээний актыг бүтээхэд тавигддаг хууль зүйн техникийн хэлбэрийн шаардлагын хувьд манай улсын хууль тогтоомжид “удаа дараа”, “ноцтой зөрчил” зэрэг нэр томьёог хэрхэн тусгаж, хэрэглэж буйг жишээ болгож, мөн тэдгээртэй холбогдон гарч ирж буй хууль зүйн нэр томьёоны болон эрх зүйн зарим асуудлыг хөндсөн болно. Тодруулбал, хууль зүйн тодорхойгүй нэр томьёо, тэдгээрийн хэм хэмжээнд эзлэх байр суурь, утга агуулга хийгээд тодорхойгүй нэр томьёог хуульчилснаас үүсэх үр дагавар зэргийг тодруулан авч үзэхийг зорьсон.
Эрх зүйн хэм хэмжээг бүтээхэд хууль зүйн техникийн хувьд тодорхой шаардлагыг баримталдаг. Ийнхүү зохих шаардлага тавих нь тухайн эрх зүйн хэм хэмжээ хүний эрх, эрх чөлөөг санаатай, санамсаргүй байдлаар зөрчихөөс сэргийлнэ. Өөрөөр хэлбэл, эрх зүйн хэм хэмжээний акт (хууль, тогтоол зэрэг) нь тодорхой шаардлагын дагуу бүтээгдсэнээрээ хүний эрх, эрх чөлөөг зөрчих байдлыг багасгах боломж, нөхцөлийг бүрдүүлнэ. Хууль зүйн техникийн хувьд эрх зүйн хэм хэмжээний актад агуулгын (substantive) болон хэлбэрийн (procedure) шаардлагыг тавьдаг. Энэхүү өгүүлэлд эрх зүйн хэм хэмжээний актыг бүтээхэд тавигддаг хууль зүйн техникийн хэлбэрийн шаардлагын хувьд манай улсын хууль тогтоомжид “зөвшилцөл(х)” гэх нэр томьёог хэрхэн тусгаж, хэрэглэж буйг жишээ болгож, мөн тэдгээртэй холбогдон гарч ирж буй хууль зүйн нэр томьёоны болон эрх зүйн зарим асуудлыг хөндсөн болно. Тодруулбал, хууль зүйн тодорхойгүй нэр томьёо, тэдгээрийн хэм хэмжээнд эзлэх байр суурь, утга агуулга хийгээд тодорхойгүй нэр томьёог хуульчилснаас үүсэх үр дагавар зэргийг тодруулан авч үзэхийг зорьсон.
1990 оны өөрчлөлт, шинэчлэлтийн үр нөлөөгөөр манай улсад цоо шинэ нийгмийн тогтолцоо бий болох нөхцөл бүрдэж, улмаар шинэ, ардчилсан Үндсэн хуулийг хэлэлцэн баталсан юм. Үүнтэй холбоотойгоор засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын хувьд ямар байх талаар УБХ-ын гишүүдийн дунд өргөн хэлэлцүүлэг өрнөсний дүнд нутгийн өөрөө удирдах байгууллагыг төрийн удирдлагатай хослуулах зарчмын үндсэн дээр хэрэгжихээр зохицуулсан. Энэ хүрээнд нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээг Үндсэн хуульдаа тусгахаас татгалзаж, ерөнхий үзэл баримтлалыг нь тусгах саналыг гаргасан. Гэтэл уг ерөнхий үзэл санааг хууль тогтоогч болон Засгийн газар огоорон намын мөрийн хөтөлбөр зэргээр амласан зүйлээ хэрэгжүүлэх арга хэрэгсэл болгож буй, мөн дээд шатны нутгийн өөрөө удирдах байгууллагаас доод шатны өөрөө удирдах байгууллагын нийтийн эрх зүйн чиг үүрэг, бүрэн эрхийг хэрэгжүүлсэн зэрэг практик жишээг хөндөх замаар (1) нутгийн өөрөө удирдах байгууллагын өмчийн удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбоотой эрх зүйн асуудал, (2) мөн уг асуудлаар нутгийн өөрөө удирдах байгууллагын нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тохиолдолд захиргааны хэргийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргах эрхийн талаар хууль хэрэглээний болон практик асуудал зэргийг энэхүү өгүүлэлд авч үзэв.
Олноо Алтан ханы хэмээн нэршсэн монголын уламжлалт хууль цаазын бичгийг дотоод, гадаадын судлаачид нэлээдгүй судалсан байдаг. Монгол хэлээр бус төвд хэлээр бичсэн хуулбар эх нь бидний үед уламжлан иржээ. Судлаачид тэрхүү төвд хэлээрх эхээс нь анхлан орчуулсан Ш.Бира академичийн орчуулгыг ашиглан дам дамаа улируулан судалсаар буй. Гэвч тус цаазын орчуулгын тухайд эргэж харах, сайжруулах, нэмж шинээр орчуулах хэрэгцээ шаардлага бас бий. Учир нь тус цаазын бичгийн орчуулга /монгол, хятад, япон хэлээр орчуулсан. Зохиогчид/ нь нэлээд дутуу бөгөөд өнөө хүртэл бүрэн орчуулга гараагүй байна. Аливаа сурвалжийг юуны өмнө уг эх байдлаар нь нийтлэх нь чухал бөгөөд дараагийн алхамд түүнийг зөв гаргаж унших, хэрэв харь хэлээр байгаа бол бүрэн, зөв орчуулах шаардлага тулгардаг. Иймд, бид дээр дурдсан хэрэгцээ, шаардлагыг үндэслэн монголын уламжлалт хууль цаазын эх сурвалжийн нэг болох Алтан ханы хэмээгдэх цаазын бичгийг шинээр орчуулж, уг орчуулгаа бусад судлаачдын хийсэн орчуулгатай харьцуулах, улмаар хууль цаазын бусад түүхэн эх сурвалжтай харьцуулсны үндсэн дээр Алтан ханы цаазын агуулгыг шинээр сэргээх, урьд өмнө хийсэн буруу орчуулгыг залруулах зэргийг гол зорилгоо болгов. Ийнхүү Алтан ханы цаазын агуулгыг анх удаа бүрэн бүтнээр орчуулж буйгаараа чухал ач холбогдолтой бөгөөд монголын уламжлалт хууль цаазын судалгаанд зохих хувь нэмрийг үзүүлэх болов уу гэж найдаж байна.
Эл өгүүлэлд Монгол Улсын төрийн албаны шинэтгэлийн тоймыг цухас хөндөж, төрийн албаны шинэтгэлийн талаарх тулгамдсан олон зүйл асуудлын дотроос төрийн алба мэргэшсэн тогтвортой байх асуудал, түүн дотроо төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа, шатлан дэвших тогтолцоо, төрийн албаны төв байгууллагын эрх хэмжээ, төрийн албан хаагчийн сургалтын хэрэгцээ, шаардлага зэрэг цөөн асуудлыг холбогдох судалгаанд тулгуурлан авч үзэв. Үүний үр дүнд төрийн албаны залгамж чанар, тогтвортой байдлыг хангах, мерит зарчмыг тууштай нэвтрүүлэх, төрийн албан хаагчдын ажлын байрны баталгааг хангах, нийгмийн баталгааг сайжруулах, улс төрийн нөлөөллөөс ангид байх, төрийн албаны ёс зүй, хариуцлагын тогтолцоог дээшлүүлэх, төрийн албан хаагчдын буруутай үйл ажиллагааны улмаас үүдэн төрд учруулсан хохирлыг улсын төсөвт эрсдэл учруулахгүйгээр шийдвэрлэх, төрийн албаны төв байгууллагын эрх хэмжээг дээшлүүлэх, төрийн албан хаагчдын сургалтын тогтолцоог бүрэн нэвтрүүлэх, төрийн албаны талаарх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чиглэсэн дүгнэлт саналыг дэвшүүлэв.