МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Н.Лхамцэрэн
"ТАТВАРЫН ӨР ХУРААХ АЖИЛЛАГААГ ЗОГСООХ НӨХЦӨЛИЙГ ХУУЛЬЧЛАХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА" Эрх зүй / NUM LAW REVIEW, vol. 61 дүгээр цуврал, no. 1 , pp. 171-190, 2023-4-25

https://www.facebook.com/numlawreview

Хураангуй

Бүх татвар төлөгч татвараа хугацаанд нь сайн дураараа төлдөггүй учраас зайлшгүй төрийн албадлагаар татварын өр хураах ажиллагааг явуулна. Уг ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх буюу ногдуулсан татварыг аль болох бүрэн хураан авах нөхцөлийг бүрдүүлэх нь чухал. Гэтэл, манай улсад татварын алба эргэн төлөгдөхөөргүй найдваргүй татварын өрийг хураахаар хуульд заасан арга хэмжээг тасралтгүй авах ёстой. Учир нь татварын өрөнд хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэхгүй ба татварын өр хураах ажиллагааг зогсоох үндэслэлийг тогтоогоогүй. Үүнээс улмаас эрх зүйн практикт татварын өршөөл үзүүлэх замаар татварын өрийг тайлан бүртгэлээс хасах аргыг хэрэглэж байна. Гэвч тус арга нь тийм ч шалгарсан арга биш бөгөөд хууль тогтоогчийн үзэмжээр татварын өршөөл үзүүлэх тухай хуулийг батлах учраас өртэй татвар төлөгч бүрд төлж чадахааргүй болсон өрнөөсөө салах боломж олддоггүй. Түүнчлэн шударга ба шударга бус татвар төлөгчдөд ялгавартай хандсаны улмаас татварын тайлан мэдүүлгийн ирцийг бууруулах сөрөг талтай. Зарчмын хувьд өртэй татвар төлөгчөөс үл хамаарах нөхцөл байдлын улмаас яагаад ч татварын өрөө төлж чадахааргүй болсон нь нэгэнт тогтоогдсон бол, татвар төлөгчид үзүүлэх эрх зүйн хамгаалалтын нэг хэлбэр болгон татварын өр хураах ажиллагааг зогсоох шаардлагатай. Үүнийг нэгдүгээрт, татварын тогтолцооны үр ашигтай байх зарчим, хоёрдугаарт татварын тогтолцооны тэгш, шударга байх зарчмын үүднээс тус тус тайлбарлав.

Зохиогч(ид): Д.Ганхүрэл, Б.Гүнбилэг, Н.Лхамцэрэн, Д.Сүнжид, Т.Адъяасүрэн
"Үндсэн хуулийн 6.2 дах хэсэгт дүн шинжилгээ хийх нь " Эрх зүй / NUM LAW REVIEW, vol. 2022 №2, no. 58, pp. 1-54, 2022-5-15

http://law.num.edu.mn/news/40

Хураангуй

Энэхүү судалгаагаар 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр УИХ-аас баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн хоёр дахь хэсэгт оруулсан нэмэлт, өөрчлөлт болон түүний үзэл баримтлалд дүн шинжилгээ хийх замаар тус нэмэлт өөрчлөлтөөр хөндөж буй асуудалд анализ хийн, Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн хоёр дахь хэсгийг хэрхэн ойлгож, тайлбарлах шаардлагатай талаар тодруулахыг зорьлоо. Ингэхдээ, нэн тэргүүнд Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн хоёрдахь хэсгийг нэмэлт өөрчлөлтийн өмнөх болон дараах гэх цаг хугацааны ялгавартайгаар авч үзэн, түүний үзэл баримтлалд харьцуулалт хийлээ. Судалгаанд дурдагдаж буй Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн хоёр дахь хэсэгтэй холбоотой эрх зүйн судалгаа цөөнгүй боловч 2019 онд нэмэлт өөрчлөлт орсоны дараа, түүнийг өмнөх заалттай нь харьцуулсан судалгаа хараахан хийгдээгүй гэдэг талаараа шинэлэг юм. Харьцуулалтын үр дүнд, хэдийгээр нэмэлт өөрчлөлтийн дараах Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн хоёрдахь хэсэг нь илүү дэлгэрэнгүй агуулгыг тусгаснаараа ач холбогдолтой боловч, үндсэн үзэл баримтлалын агуулгын хувьд нэмэлт өөрчлөлтийн өмнөхтэй ижил байна гэсэн дүгнэлтэд хүрлээ. Түүний дараа нэмэлт өөрчлөлтийн дараах Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн хоёрдахь хэсгийг цогцолбор тус бүрээр нь ангилан, хөндөж буй асуудал болон хамрах салбар эрх зүйн зохицуулалтыг бүлэглэн авч судаллаа. Ингэхдээ, тус заалтад дурдагдсан нэр томъёог үг зүйн хүрээнд болон тухайн цогцолборыг бүхлээр нь буюу зорилго талаас нь тайлбарлахыг оролдлоо. Судалгааны үр дүнд, Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн хоёрдахь хэсэгт орсон нэмэлт өөрчлөлт нь манай улсын газрын доорх баялгаа ашиглахдаа баримтлах үндсэн бодлогыг тусгасан гэж дүгнэлээ. Тодруулбал, уул уурхайн салбараас ашиг олж, түүний өгөөжийг иргэддээ баялгийн сангийн тусламжтай тэгш хүртээхийн зэрэгцээ байгаль орчны асуудал болон иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах эрх зүйн үндэслэлийг бий болгосон талаар юм.

Зохиогч(ид): Н.Лхамцэрэн
"Монгол Улсад Өв залгамжлал ба бэлэглэлийн албан татварыг нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага, түүний арга зам" Хууль дээдлэх ёс, vol. 2021, no. №3 , pp. 37-49, 2021-10-19

https://nli.gov.mn/?p=8831

Хураангуй

Өв залгамжлал, бэлэглэлийн албан татварыг ногдуулах нь нийгмийн баян чинээлэг хэсгийг шийтгэж буй хэрэг биш. Учир нь татвар төлөгч хөрөнгөө зарж орлого олохын оронд гэр бүл, дурын этгээдэд өвлүүлэх эсхүл бэлэглэснээр тухайн хөрөнгөө захиран зарцуулдаг. Уг үнэ төлбөргүй хөрөнгийн шилжүүлгийг хийснээр нэгэн төрлийн орлогын эсхүл хөрөнгийн албан татварын объект үүснэ хэмээн тайлбарладаг. Манай улсын хувьд, орлогын албан татварыг нөхөх, баялгийн тэгш бус хуваарилалтыг багасгах, хөрөнгийн шилжүүлэг рүү чиглэсэн татвар ногдуулалтыг шударга болгох, хүн бүрд гарааны эсхүл барианы тэгш боломж олгохын тулд өв залгамжлал, бэлэглэлийн албан татварыг ногдуулах шаардлагатай. Энэхүү өгүүллээр өв залгамжлал ба бэлэглэлийн албан татварын онолын үндэслэл, Япон ба Герман улсын туршлагыг судлах замаар манай улсад ямар загварын өв залгамжлал ба бэлэглэлийн албан татварыг нэвтрүүлэх нь зохистой талаар санал гаргасан.

Зохиогч(ид): О.Алтантуяа, Э.Туулайхүү, Н.Лхамцэрэн
"THE CONSTITUTIONAL DEVELOPMENT OF MONGOLIA AND THE AMENDMENTS TO THE CONSTITUTION (1992)", The International Youth Legal Exchange Conference 2021, Hongkong, 2021-9-11, vol. 1, pp. 31

Хураангуй

This paper focuses on the 1992 Constitution and its subsequent amendments. It aims to determine the needs and natures of these amendments, the factors that influenced the drafting of amendments, the debates around them, and the socio-economic significance of the amendments. This paper has three main sections. The first chapter introduces an overview of Mongolia's constitutions. The second chapter analyzes Constitutional amendments in 2000 and 2019. Finally, it summarizes all the findings in the paper, attempt to assess pros and cons of the Constitutional amendments, and define the possible prospects of these amendments on the legal system of Mongolia. A complete list of both amendments is annexed in the paper.

Зохиогч(ид): Н.Лхамцэрэн
"ТАТВАР ХУРААН АВАХ АЖИЛЛАГААНЫ ХАРЬЦУУЛАЛТ: МОНГОЛ БА ЯПОН", Эрх зүйн дээд боловсрол-Хууль зүйн шинжлэх ухаан, Монгол Улс, БНСУ, АНУ, Япон улс, ХБНГУ, ОХУ, 2021-6-2, vol. 1, pp. 235-241

Хураангуй

Монгол ба Япон улсын татвар хураан авах ажиллагаа нь татварын албанд татвар ногдуулсан актын биелэлтийг өөрөө, бие даан хэрэгжүүлэх бүрэн эрхийг олгосон, татварын давуу эрхийн зарчмыг хүлээн зөвшөөрсөн энэ 2 талаараа ижил болсон. Гэхдээ, нарийвчлан үзвэл хэд хэдэн ялгаатай тал бий юм. Тэдгээр ялгаатай талуудыг илтгэлдээ өгүүлсэн болно. Товчхондоо Татварын ерөнхий хуулийн хүрээнд зохицуулагдаагүй орхисон эсхүл дутуу томьёолсон асуудлыг тодруулсан.

Зохиогч(ид): Н.Лхамцэрэн
"Татвар ногдуулах ба хураах ажиллагаа, тэдгээрийн харилцан хамаарал" Хууль дээдлэх ёс, vol. 2020, no. 4 дүгээр улирлын дугаар, Цуврал 79, pp. 237-243, 2020-12-1

https://nli.gov.mn/?p=3009

Хураангуй

Татвар ногдуулах ажиллагаа нь татвар тодорхойлох ажиллагаатай зэрэг хийгдэх бөгөөд татварын алба болоод татвар төлөгчийн хамтын ажиллагааны үндсэн дээр хэрэгждэг. Харин, татвар хураах ажиллагаа нь агуулгаараа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай төсөөтэй бөгөөд шаардах эрх эзэмшигч болох төр буюу татварын алба нь өөрөө бие даан өртэй татвар төлөгчид албадлага хэрэглэх замаар татварын үүргийн биелэлтийг хангуулдаг онцлогтой. Татвар ногдуулах болон хураах ажиллагаа нь харилцан хамааралтай учраас, зарим тохиолдолд татвар ногдуулах ажиллагааны эрх зүйн зөрчил нь татвар хураах ажиллагааг зогсоох үндэслэл болно.

Зохиогч(ид): Н.Лхамцэрэн
"ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН СУУРЬ МОНГОЛ БА ЯПОН УЛСЫН ХАРЬЦУУЛАЛТ " Хууль дээдлэх ёс, vol. 2020 , no. №3 , pp. 134-141 , 2020-9-1

https://nli.gov.mn/?page_id=2847

Хураангуй

Монгол ба Япон Улсын хувь хүний орлогын албан татварын хуулийг харьцуулан үзсэний эцэст, 2 улсын татварын суурийн цар хүрээг тодорхойлсон. Улмаар, манай улсад шинэ төрлийн татварын объектийг татварын суурьт хамруулах болон хувь хүний татвар ногдох орлогын төрөлжүүлэлтийг илүү боловсронгуй болгох асуудлыг хөндөн тавьсан. Эдгээрийг шийдвэрлэсний дүнд, татвар ногдуулалт нь илүү бодитой буюу татвараас зайлсхийх үйлдлийг хязгаарлан, олсон орлоготой нь шууд хамааралтайгаар татвар ногдуулна. Цаашлаад, их эсхүл бага орлоготой татвар төлөгч эсэхээс үл хамааран орлого үүсгэж болох бүхий л үйл ажиллагаа, үйлдэл, хөрөнгийг татварын суурьт хамруулах нь татварын шударга байх зарчмыг хангахад тус нэмэр болохыг дурдсан.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар